Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 3.75 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-25 12:20:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Ногоон технологи, Ногоон зээл” чуулган үзэсгэлэн Туушин зочид буудалд эхэллээ. БОАЖЯ, ХАС банк хамтран зохион байгуулж буй энэхүү чуулган үзэсгэлэнгээр иргэд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шалны халаагуур, агаар цэвэршүүлэгч, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг тоног төхөөрөмжийг нэг дор үзэж сонирхон, ногоон зээлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.


Өнгөрсөн есдүгээр сараас ХАС банк, Хаан банк, Төрийн банкаар дамжуулан иргэд, ААН-ийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан халаагуур, гэр байшингийн дулаалгын материал, эко жорлон зэрэг бараа бүтээгдэхүүнд 40 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Мөн хоногт 100-с дээш тооны жуулчин хүлээн авах хүчин чадалтай ААН-д бохир ус цэвэршүүлэх байгууламж, ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж, дулаалга, халаагуурын бараа бүтээгдэхүүнд 200 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа аж.



БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл: “Байгальд ээлтэй, шинэлэг бизнесийг санаачлан хэрэгжүүлж байгаа ААН-үүдийн төрөөс дэмжих бодлого баримталж байна.  Өнгөрсөн чуулгануудын үр дүнд инновацлаг, шинэ техник, тоног төхөөрөмж импортолдог 41 ААН 54 тэрбум төгрөгийн гаалийн татварын хөнгөлөлт эдэлжээ” гэв.


Ногоон зээл жилд 8-9 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар ногоон зээлд 20 гаруй иргэн ААН хамрагджээ. Цаашид олон айл өрх, ААН-ийн тулгамдсан асуудлыг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхийн тулд мэдээлэл сурталчилгааг сайн хийх хэрэгтэй байгааг банкныхан онцоллоо.




Холбоотой мэдээ