Р.Батчимэг: Гүнийн худаг бохирдох эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-10-24 16:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогийн байдлаар хүн амын 22 хувь төвлөрлөсөн усан хангамжийн үйлчилгээгээр хангагдаад байна. Үүнийг 30 хувьд хүргэхээр ажиллаж буй талаар “Новотел” зочид буудалд БХБЯ-наас өчигдөр зохион байгуулсан “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалтын үеэр БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Р.Батчимэг хэлэв.

Төвлөрлөсөн усан хангамж гэдэг нь аюулгүй зохион байгуулсан ундны усны шугам, сүлжээ бүхий хот, суурингийн үйлчилгээг хэлж байна. Үүнээс гадна суурь болон хязгаарлагдмал үйлчилгээ, сайжруулаагүй болон гадаргын ус гэж ангилдаг. Суурь үйлчилгээгээр хүн амын 60, хязгаарлагдмал үйлчилгээнд 5 хувь хангагдаж, сайжруулаагүй болон гадаргын усыг хүн амын 6-7 хувь хэрэглэж байна. Энэ нь хөдөө орон нутаг дахь усны хэрэглээ юм.

Өнөөгийн байдлаар, нийслэлд 1800 айл өрх гүнийн худаг ашиглаж байгааг судалгаагаар тогтоожээ. Иргэд, айл өрх гүнийн худгийг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гаргаж хажууд нь бие засах газар жорлон, муу усны нүхтэйгээ зэрэгцэн оршдог. Энэ нь гүний худгийн ус хөрсний бохирдолтой байх магадлалтай болгож байгааг тэрээр хэлж байна.

Учир нь жорлон, муу усны нүхний нян бактери нь хөрсний гүн рүү нэвчдэг тул хөрс 40-50 м-ийн гүнд бохирдсон байгааг судалгаагаар тогтоожээ. Ус нэг газраа тогтдоггүй, өөрчлөгдөж, урсан шилжиж гүнд агуулагдаж байдаг учир бохирдох магадлал эрсдэл маш их байдаг. Тиймээс айл өрхүүд гэр хороолол болон зусландаа усны эх үүсвэрээ өөрсдөө шийдэж байна гээд янз бүрийн худаг гаргаад байх нь шаардлагагүй, зүй зохистой усны эх үүсвэр биш. Гүний усыг хөрсний устай холихгүй байх нь эрүүл ахуйн наад захын шаардлага юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


Харин нийтийн хэрэглээний буюу ус сувгийн газраар дамжуулан түгээж буй ус нь эхлээд лабораторийн шинжилгээгээр орж, дараа нь усан санд төвлөрүүлэхдээ ариутгал халдваргүйжүүлэлт хийж байж ундны усанд хэрэглэдэг байна. Манай улсад одоогоор нийтийн хэрэглээний усыг эрдэсжүүлэхийг хараахан шийдэж чадаагүй байгаа нь усыг цэвэршүүлэхээс илүү их зардал шаардаж байгааг Хот, суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлж байв. Гүнийн худгийг 70, түүнээс дээш м-ийн гүнээс гаргаж авахыг зөвлөж байв.

Усны чанар гэдэг нь нэгд, хэрэглэх эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаж буй эсэх, хоёрт, хүн ам усыг хүрэлцээтэй хэмжээнд авч чадаж буй эсэх юм гэдгийг БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Р.Батчимэг хэлэв. “Манай улсад голдуу гүнийн ус хэрэглэдэг учир гадаргын усыг бодвол харьцангуй бохирдол багатай байдаг.

Газар зүй, орон нутгийн онцлогоос хамаараад, ялангуяа нийслэл хот Хангайн бүсэд оршдог учир ус нь говийнхыг бодвол эрдэсжил хатуулгийн хэмжээ бага байдаг тул чанарын шаардлага хангадаг. Гэхдээ хүн амын төвлөрлөөс шалтгаалж Улаанбаатарт ус жилээс жилд бохирдсоор байна. Бохирдлын гол эх үүсвэр нь хөрс муудаж байгаатай холбоотой. Хөрсийг гэр хорооллын жорлон, муу ус бохирдуулж, бохирдсон хөрс усаа муутгасаар байна" гэв.

Газар доорх усны 99.2 хувийг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа бол үлдэх цөөн хувийг ахуйн хэрэглээнд буюу ундны усанд хэрэглэж байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ