"Хагибис" хар салхи Японы ХАА-н салбарт 900 сая гаруй ам.долларын хохирол учруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /TASS/. “Хагибис” хар салхины улмаас Японы хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт учирсан хохирлын хэмжээ 98 орчим тэрбум иен буюу 902 сая гаруй ам.долларт хүрчээ.
Японы үндэсний олон нийтийн телевизээр мэдээлснээр, энэ сарын 12-13-нд Японыг дайран өнгөрсөн "Хагибис" хар салхины улмаас хөдөө аж ахуйн 7000 байгууламж, будааны талбай, жимсний цэцэрлэгүүд сүйджээ. Байгалийн гамшигт загас агнуурын боомтууд, далайн бүтээгдэхүүн боловсруулах эргийн үйлдвэрүүд хамгийн их хохирол амссан байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, 84 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд 4000 орчим хүн толгой хорогдсон хэвээр байгаа аж.