Мэдээлэл технологийнхон “Microsoft”-ын боломжийг сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-23 12:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын ирээдүйн бүх ажил мэргэжил мэдээллийн технологитой холбогдож буйг “Эмпасофт” академийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан “Туушин” зочид буудалд өнөөдөр болж буй “Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” уулзалт хэлэлцүүлэг дээр танилцуулж байна.

“Эмпасофт” ХХК-иас зохион байгуулж буй уулзалтад манай улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, программ хангамж нэвтрүүлэгчид, мөн “Microsoft” компанийн бүс нутаг хариуцсан захирал Наталия Матассова, “Леоника Лабс” компанийн үүсгэн байгуулагч Леонид Шугуров нарын дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож технологийн чиг хандлага, мэдээлэл технологи бусад салбартай хэрхэн уялдаж ажиллах зэргээр салбарын хөгжлийн талаар санал бодлоо солилцож байна.




Microsoft” компанийн бүс нутаг хариуцсан захирал, хатагтай Наталия Матассова “Дижитал шилжилтийг “Microsoft” компанитай хамтран хийх боломж”-ийн талаар танилцуулахдаа, дижитал шинэчлэлийг хийхэд юуны өмнө IT-ийн мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэхээс эхэлнэ гэдгийг онцолж байв. Тэрээр дижитал орчинд ажиллах чадварлаг хүмүүсийг бэлтгэн сургахад хамтран ажиллах боломжтойг хэлж байв.


Олон улсын зөвлөх мэргэжилтэн Дурга Прасад Тади “Мэдээллийн технологи-засаглал” сэдвээр тавьсан илтгэлдээ, улс орны хэмжээнд, аль ч байгууллага IT-ийг нэвтрүүлж хөгжүүлэхдээ юуны өмнө юунд хүрэх стратегийн зорилтоо тавьж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсноор мэдээллийн технологийг нэвтрүүлэх шаардлагуудыг ханган ажиллаж үр дүнд хүрэхийг тэмдэглэж байв.

Мэдээллийн технологийг нэвтрүүлснээр цаг хугацааг товчилж, эрсдэлийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг эрс өөрчлөлтийг авчирдаг. Үүний тулд мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны баг байгуулан ажиллуулах, мөн дотоодод гарах аюул, эрсдэлийг тооцох шаардлагатайг өгүүлж байна. Нэг ёсондоо хамгийн оновчтой багийн ажиллагааг шаарддагийг хэлж байна. 



 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ