Завханы боловсрол, соёл, спортын салбарынхан сайдад санал хүсэлтээ дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-22 23:26:34

Завхан /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Завхан аймагт өнгөрсөн амралтын өдрүүдээр ажиллаад буцлаа.

Тэрээр аймгийн Хөгжимт жүжгийн театрт аймгийн цэцэрлэг, сургуулийн багш нар болон боловсрол, соёл, спортын салбарт ажиллаж буй ажилтнуудтай уулзалт хийлээ. Эхлээд сайд яамны бодлого, зорилтоо танилцуулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж буй шинэчлэл, сайжруулалтын явц, цаашид хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Уулзалтад дээрх салбарын 400 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнууд оролцож санал хүсэлтээ бичгээр болон өөрийн биеэр хэлжээ. Оролцогчдын асуулт, санал зөвлөмжийг сонссоны дараа дээрх салбарт тулгамдаж буй зарим асуудлыг тухайлбал, Боловсрол, соёл урлагийн газар болон зарим сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг 2020 оны улсын төсөвт сайдын багцад багтааж, шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Сайд Завхан аймагт ажиллах үеэрээ Цагаанчулуут, Тэлмэн сумын дунд сургууль, сурагчдын дотуур байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзсан юм. Завхан аймгийн хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа зургаан настай, ялангуяа малчдын хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өөрийн гэр шиг нь тухлаг нөхцөл боломжоор хангахын тулд “Гэр өргөө” төслийг бүх суманд хэрэгжүүлж байгаа юм байна. Дотуур байрнаас илүү тухлаг бөгөөд тусгай багш, асрагчтайгаараа онцлог гэж Цагаанчулуут сумын сургуулийн захирал М.Нямсүрэн тайлбарлав. Харин Тэлмэн сумын хувьд хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой хүүхдийн тоо өсөж, сургуулийн ачаалал нэмэгдсэн. Тиймээс хичээлийн байрыг өргөтгөх, эсвэл их засвар хийх талаар анхаарахыг сайдад уламжилав.

Ташрамд дуулгахад, Завхан аймгийн долоон сургуульд физик, байгалийн ухааны кабинет, таван сургуульд химийн кабинет байгуулахаар болсон аж.

     Сайдын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн болов

БСШУС-ын сайдыг Улиастайд ажиллах үеэр Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвөөс салбарын сайдын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Тус тэмцээнд 6-18 насны охид, хөвгүүд 25, 50 метрт өврөөр даллах, мэлхий сэлэлт, 100 метрийн холимог сэлэлтийн дөрвөн төрлөөр өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж сайдаас шагнал гарджээ.

Хөвгүүдээс сурагч З.Нямдэмбэрэл, Б.Тэмүүлэн, Н.Нямбаяр, Г.Даваацэрэн нар, охидоос Будбаяр, Бямбажаргал, Болоржин, Б.Ундармаа нар төрөл тус бүрийн алтан медалийн эзэд болсон аж. Тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 1000 хүний суудалтай. Мөн 400 хүний суудалтай усан бассейн, 500 хүний суудалтай спорт заал, жудо, самбо бөх, гимнастикийн нэмэгдэл заалуудтай. Энд олон нийтэд зориулсан фитнес, эргэлтэт дугуй, теннис гээд зургаан төрлийн дугуйлан секц хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан байнгын хичээллэдэг ажээ. 

Холбоотой мэдээ