Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-22 20:35:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Б.Баттөмөр нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 1996 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.


Хуулийн төсөлд ШУА-ийн эрх зүйн байдлыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томьёолох; Академийн эрх зүйн байдлыг хэт ерөнхий, оновчтой бус тодорхойлсон хуулийн агуулгыг тэлж, ШУА нь судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл, хэл, түүх, угсаатны зүйн өв уламжлалыг судлах, хамгаалах зорилго бүхий шинжлэх ухааны төрийн төв байгууллага байх; мөн чиг үүрэг нь нэмэгдэж буйтай холбогдуулан Академийн бүтцийн нэгжийг шинэчлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн гишүүдэд академич хэргэм хүртээж буй зохицуулалтыг хуульчлах; үндэсний түүх, хэл, соёл, угсаатны зүй, археологи, палеонтологийн эрдэм шинжилгээний музейг Академийн харьяанд ажиллуулж болохын зэрэгцээ Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, удирдлагын бүрэн эрхийн хугацааг тусгах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна. 


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ