М.Эспер Саудын Арабад айлчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер даваа гарагт Саудын Арабад гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр албан тушаалаа өнгөрсөн долдугаар сард хүлээн авснаасаа хойш Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон улсад анх удаа айлчилж буй нь энэ юм.
Саудын Арабын “Al-Arabiya” сувгийн мэдээлснээр, М.Эспер Саудын Арабын эрх баригчидтай бүс нутгийн асуудлууд тэр дундаа Ираны хурцадмал байдлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Энэхүү айлчлалын талаар Вашингтон болон Эр-Риядын засаг захиргаанаас хараахан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Уг айлчлал өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалтай ойролцоо болсныг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр талууд олон салбарыг хамарсан 20 орчим гэрээг байгуулжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Саудын Арабын төрийн өмчит газрын тосны үйлдвэрт болсон халдлагатай холбогдуулан АНУ-аас тус улсад 2000 орчим цэрэг болон сөнөөгч онгоцны эскадрил байрлуулна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам М.Эсперийн айлчлалаас хэдэн өдрийн өмнө мэдэгдсэн байна.