Эрдэмтэд уснаас цэвэр түлш гарган авах аргыг сайжруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-10-21 12:00:03

МОСКВА. /RIA Novosti/. Японы эрдэмтэд усыг задлах электрохимийн аргад зориулж хагас дамжуулагч шинэ материал бүтээжээ.


Энэхүү материалын фото анод нь зөвхөн ус, нарны эрчим хүчийг ашиглан устөрөгчийн түлшийг илүү үр дүнтэй гарган авах боломж олгох бөгөөд цэвэр түлш гарган авахад дахин нэг алхмаар ойртуулсан гэж “Journal of the American Chemical Society” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна.


Устөрөгч нь цэвэр эрчим хүчний хамгийн ирээдүйтэй эх үүсвэрүүдийн нэг юм. Дэлхий дээр устөрөгчийн нөөц бараг хязгааргүй боловч гарган авах аргууд нь маш үнэтэй хэвээр байгаа билээ. Эдгээр аргын хамгийн түгээмэл нь усыг задлах фото электрохимийн арга юм. Хэрэв нарны зай хураагуурыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглавал схем нь хямд өртөгтэй төдийгүй байгаль орчинд туйлын ээлтэй байх ажээ.


Тодруулбал, ус задлах зориулалттай фотоэлектрик төхөөрөмжийн гол элемент болох фото анод нь нарны зай хураагуур болон катодын үүрэг гүйцэтгэдэг төмөр утастай холбогдоно. Ийм фото анодын материал нь хагас дамжуулагчийн шинж чанартай, мөн исэлдэлтэд маш тэсвэртэй байх ёстой байна. Учир нь усны молекулыг задлах элементүүдийн нэг нь чөлөөт хүчилтөрөгч юм.


Оксинитридийн эсэргүүцэх чанар муу, гэрлийн нөлөөн дор маш хурдан өөрөө исэлддэг учраас металлын оксиднитридээс фото анодыг гарган авах оролдлого тийм ч үр дүнтэй байгаагүй байна.  


Холбоотой мэдээ