Ахмад настанд зориулсан өдрийн үйлчилгээнд 217 хүн хамрагдана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-17 16:58:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Ахмад чөлөөт эмч нар” ТББ хамтран ахмад настанд зориулсан “Өдрийн үйлчилгээ” үзүүлж байна. 

Энэхүү үйлчилгээ нь ахмад настанг сургах, хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

“Ахмад чөлөөт эмч нар” ТББ нь 2017 онд байгуулагдсан, 46 эмч, ажилтантай. Тус байгууллага “Ахмад эмч нарын зөвлөгөө өгөх төв”-ийг түшиглэн өнгөрсөн 2018 онд 335 ахмад настанд гурван сарын хугацаанд өдрийн үйлчилгээ үзүүлжээ.

Тэгвэл энэ онд 217 ахмад настанг өдрийн үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 80 гаруй ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлж байна.  

Тус  үйлчилгээний  хүрээнд  толгой, дал мөр, хөл, нурууны массаж, нөхөн сэргээх 10 гаруй төрлийн эмчилгээ, сувилгаа хийх замаар ахмадуудын биеийг эрүүлжүүлж байна.

Ингэхдээ хаш чулуун ор болон дал мөр, нуруу, хөлний массажны аппарат, үе мөчний шарлага зэрэг 15 төрлийн тоног төхөөрөмж ашиглаж буй.  Мөн  бумба тавих, тосон бариа,  дасгал хөдөлгөөн хийх  зэрэг  үйл ажиллагааг явуулж байна.   

Түүнчлэн эмч нар  эрүүл, зөв хооллолтын талаар сургалт зохион байгуулж, ахмадуудад өглөөний цай, өдрийн хоол, хүчил төрөгчийн коктел зэргийг үнэ төлбөргүй олгож байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Ховд аймгийн хэмжээнд 55 ба түүнээс дээш насны 7000 гаруй иргэн байгаа нь аймгийн нийт хүн амын 6.7 хувийг эзэлдэг. 

 

Холбоотой мэдээ