Ус ашиглалтын төлбөрийн мэдээллийг зурвасаар авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-11 20:29:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний "Шим-Ус" ОНӨААТҮГ-аас “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг 10 дугаар сарын 11-13-нд зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгийг Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.

Тус өдөрлөгийн нээлт 30 айлын орон сууцны урд талбайд боллоо. "Шим-Ус" ОНӨААТҮГ нь 80 гаруй ажилтантай. Цэвэр ус түгээх, бохир ус цуглуулан татан зайлуулах, халуун ус, шугам сүлжээний засвар үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар нийтийн орон сууцны 3200, гэр хорооллын 4300 гаруй айл өрх, 130 орчим байгууллага, аж ахуйн нэгжид үйлчилдэг аж.

Тиймээс “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа иргэдийн санал хүсэлтийг сонсох, гомдлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай шугам сүлжээний засвар үйлчилгээг  үнэ төлбөргүй  үзүүлэхэд чиглэж байна.  

"Шим-Ус" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд “Цахим борлуулалтын систем” нэвтрүүлсэн талаар өдөрлөгийн үеэр танилцууллаа.

“Цахим борлуулалтын систем” нэвтэрснээр иргэдэд ус ашиглалтын төлбөрийн мэдээллийг зурвасаар хүргэх боломж бүрджээ. Ингэснээр байцаагч нарын ажлын ачаалал буурах, улмаар хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжирна гэж албаныхан онцоллоо.

"Шим-Ус" ОНӨААТҮГ нь энэ онд орон нутгийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, төвлөрсөн усан хангамж, шугам сүлжээний хаалтыг солих, цахим үйлчилгээг  тогтмолжуулах чиглэлд анхааран ажиллаж байна.

Холбоотой мэдээ