Сургууль цэцэрлэгт 100 хувь хамрагдаж чаддаггүй хэд хэдэн шалтгаан бий

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-11 12:06:22

Завхан /МОНЦАМЭ/.Завханд энэ жил сургуульд элссэн зургаан настнуудын тоо ихсэж 56 бүлэгтэй болсноор бага ангийн багшийн тоог гурваар нэмжээ.

Аймгийн хэмжээнд зургаан настай суурин хүн амын тоо 1,629 байгаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настай 1500 орчим хүүхэд, долоон настай 45 хүүхэд суралцаж байна. Харин 2018-2019 оны хичээлийн жилд Завхан аймгийн хэмжээнд буй 30 сургуулийн нийт 588 бүлэгт 14 мянга 500 гаруй хүүхэд суралцсан байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 15100 гаруй суралцагч, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгт 5400 гаруй хүүхэд суралцаж байна.

Хамран сургалт бага боловсролд 99.8 хувьтай, суурь боловсролд 98.2 хувьтай байна. Сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагад 5800 гаруй хүүхэд хамрагдаж, хамран сургалт СӨБ-д 89.4, цэцэрлэгт 80.4 хувьтай байгаа аж. Сургууль, цэцэрлэгт 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагийн шалтгаан нь хэд хэдэн онцлогтой аж. Тухайлбал орон нутагтаа бүртгэлтэй ч нийслэл болон төвийн аймгуудад оршин суудаг өрх их бий. Энэ нь ажил эрхлэлт, ажлын байрны олдоцтой шууд холбоотой. Мөн манай аймагт бусад аймгаас хүүхдүүд ирж суралцдаг. Жишээ нь Тосонцэнгэл, Их-Уул суманд хил залгаа Архангай, Хөвсгөл аймгийн захын сумуудаас ирж суралцаж байна. Ялангуяа өвлийн улиралд отор нүүдэл хийж байгаа малчин өрхийн хүүхдүүд манай сургуулиудад шилжин ирж суралцаж байгаа. Харин Статистик мэдээ нь албан ёсны бүртгэлтэй хүн амын тоон дээр суурилдаг учраас хамран сургалтын хувь СӨБ 80 гаруй, бага болон суурь боловсрол 90 гаруй хувьтай гардаг тухай аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ