Минск хотод Монгол Улсын ЭСЯ нээнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-10 18:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.


Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтын тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн орон юм. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо Монгол Улсад бий. Энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.


Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор хил, гааль, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэх явцад ажлын цаг дууссан тул тогтоолын төслийг маргааш буюу энэ сарын 11-ны чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Холбоотой мэдээ