Аймгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-10 14:18:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийгэм эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан ИТХ-ын даргад өргөн барилаа. Уг төсөлд найм орчим тэрбум төгрөгийн 116 төрлийн ажил арга хэмжээг тусгажээ.

2020 он бол 2016-2020 онд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил. Тиймээс мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг гүйцээх зорилтыг баримталж энэ удаагийн үндсэн чиглэлийг боловсруулсан. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан ч бодит нөхцөл байдлаас үүдэн хойшлоод байсан ажлуудыг гүйцээн бүрэн дуусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон орон нутаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хийж, дутуу орхигдсон ажлуудыг үргэлжлүүлэх аж.

Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариалангийн цогцолбор байгуулах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх ариутгалын цэг зэрэг ХАА-н салбарт л гэхэд дөрөв таван төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шинээр нийтийн тээврийн асуудлыг нэмж оруулсан. Учир нь аймгийн төвд нийтийн тээврийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болсон. Бид энэ талаар хөрш зэргэлдээх аймгуудаас туршлага судалж байгаа. Нөгөө талаар эрчим хүчний шугамын өргөтгөл, зам талбайн засвар, нэгдсэн эмнэлгийн их засвар, угаалгын тасаг шинээр байгуулах, сургууль цэцэрлэгийн өргөтгөл, завсар, шинээр барих зэрэг асуудлыг холбогдох яаманд саналыг хүргүүлсэн гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэв.

Үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ИТХ-ын төлөөлөгчид ажиллана. Ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд арга хэмжээ тус бүрийг нарийн хэлэлцэн, өөрчлөлт орох шаардлагатай бол дахин засварлана. Үндсэн чиглэлийн төслийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, үндсэн хуралдаанд оруулахад бэлэн болгож ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат илэрхийллээ. 

Холбоотой мэдээ