Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 14:02:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулахаар болов.


Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэх, ажлын байраар хангах зорилготой энэхүү паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болсон байна. 


Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах цогц ажил өрнүүлнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.


Мөн Засгийн газрын хуралдаанаар Багануур-Мөнгөнморьтын 60 км хатуу хучилттай авто зам болон Тосон Уул-Баянхошуу боомтын 58.5 км хатуу хучилттай авто замын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. 

Холбоотой мэдээ