Өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-08 22:36:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн удирдлагууд танилцууллаа.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Монгол Улсын Засгийн газрын албан даалгаврыг үндэслэн аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгавар гаргаж,  улмаар  хөдөө аж ахуй болон төв суурин газар гэсэн хоёр чиглэлээр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ховд аймагт 2019-2020 оны өвөл урьдчилсан байдлаар нийт 91 багт 8476 малчин өрхийн 3122,9 мянган мал, хонин толгойд шилжүүлснээр 4780,0 мянган мал өвөлжих дүн мэдээтэй байна.  

Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд малчдын түвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэй аж. Гэхдээ одоогийн байдлаар 60,7 мянган тн өвс, 2066,3 тн гар тэжээл, 4954,2 тн хужир шүү бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, хадлан бэлтгэх ажил 98,7 хувь, өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай байна гэж албаныхан хэллээ.

Энэ онд гурван суманд хадлангийн механикжсан салаа байгуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар өвс бэлтгэхээс гадна иргэдээс чанартай өвс худалдан авах замаар аймгийн нөөцийн өвс бэлтгэж байна. Зуншлага сайн байсан учраас дотоодын хэрэгцээний өвсний нөөцийг бүрдүүлээд илүүг нь зэргэлдээх аймаг руу нийлүүлэх, ингэхдээ өвсний үнийг хэт хөөрөгдөхгүй байх бодлого барьж байна гэж  Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ онцоллоо.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас их орж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас малчин бүр өвс тэжээлийн нөөцөө сайтар бүрдүүлэх, 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүх малыг угаалга туулгалт, урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах, малчдын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, отрын зураглалыг яаралтай гаргах, отор нүүдэл хийхдээ бүс дотроо зохицуулах, мал сүргийг ээмэгжүүлэх, коджуулах, мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг чанаржуулах, мал, мах их хэмжээгээр бэлтгэж буй асуудалд хяналтыг сайжруулах зэрэг нэлээд ажлыг эрчимжүүлэх  тухай  дээд шатны байгууллагаас үүрэг чиглэл өгчээ.  

Холбоотой мэдээ