Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-08 12:29:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг энэ сарын 7-ны өдрөөс хөдөө сумдад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд багтсан аж. Салбар зөвлөлийнхөн өчигдөр Толбо, Дэлүүн сумдын ард иргэдтэй уулзалт хийжээ. Уулзалтаар аймгийн ИТХ-аас баталсан "Архидалтгүй Баян-Өлгий", "Соёлтой жолооч" дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замуудын талаар иргэдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар ард иргэдийн саналыг сонссон байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг энэ сарын 10-ны өдөр хүртэл Булган, Алтай, Буянт суманд ажиллана. 

Холбоотой мэдээ