УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгах талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тодруулбал, 10.00 цагт хуралдах Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр, Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин 11.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хороо Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр, Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
12.00 цагт Ёс зүйн дэд хорооны хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал, зарим гишүүдийн ХОМ-ийг шалгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, 9 асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол, БНЭУ-ын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэнэ. Мөн Монгол, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээх тухай, БНБУ-ын Минск хотод Элчин сайдын яам нээх тухай, АНЭУ-ын Абу Даби хотод Элчин сайдын яам нээх талаар хэлэлцэх аж.