“Хөгжил” бүлгийнхэн “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-10-09 21:08:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг таниулах зорилго бүхий “Өсвөрийн аврагч-2019” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймагт боллоо.  

Хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг, дадлага олгох, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах ухааны мэдлэг, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох энэхүү тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн дөрвөн багийн 28 өсвөрийн аврагч жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байрт 29 минут 37 секундын амжилтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар сургуулийн “Залгамж” бүлэг, 08 минут 37 секундын амжилтаар хоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн “Сүлд” бүлэг, 01 минут 45 секундын амжилтаар, нэгдүгээр байрт Завхан аймгийн Улиастай сумын дөрөвдүгээр сургуулийн “Хөгжил” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.