Монгол, Японы таеквондочид хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-02 14:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооны төлөөлөгчид өнөөдөр /2019.10.02/ Японы Ойта мужийн Таеквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэ өдрүүдэд “Монголын таеквондогийн холбоо” ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон, дэд ерөнхийлөгч Э.Эрдэнэ, гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Токио-2020" олимпын их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын зохион байгуулах тэмцээнд тамирчдаа харилцан оролцуулах зэрэг хэд хэдэн чухал ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Гэрээг байгуулахад тус холбооноос гадна Монгол Улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Д.Батжаргал, Японы талаас Ойта мужийн дарга Кацусада Хиросэ, Уса хотын дарга Шүжи Корэнага, Ойта мужийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Нагано Осаму нар оролцлоо.


Ташрамд сонирхуулахад, 2017 онд Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид Ойта мужийн Таеквондогийн холбооны урилгаар 14 хоног хамтарсан бэлтгэл хийж байсан түүхтэй аж.

Холбоотой мэдээ