"Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд манай улсад 400 гаруй төсөл хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-02 10:16:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрөөр манай улсад 1990 оноос хойш 370 сая ам.долларын өртөг бүхий 400 орчим төслийг санхүүжүүлжээ. Энэ онд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт 20 гаруй төсөл хэрэгжүүлж байгаагаас ХСҮТ болон БЗД-ийн 129-р цэцэрлэгт хэрэгжүүлсэн төслийн үр дүнг өчигдөр танилцуулсан юм.


ХСҮТ жилд 20 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус төвийн байр 1982 онд ашиглалтад орсноос хойш дээврийн дорвитой засвар хийгдээгүйн улмаас дусаал гоожиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байжээ. “Өвсний үндэс” хөтөлбөрийн 200 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжаар нийт дээврийн 30 хувьд буюу 1860 метр квадрат талбайд бүрэн засвар хийж дуусжээ. Харин үлдсэн 70 хувийг ЭМЯ-ны санхүүжилтээр засаж, шинэчилсэн байна.


ХСҮТ-ийн Чанарын албаны дарга Б.Баасанжав: “Хавдар судлалын үндэсний төв хавдрын үйлчилгээг улс даяар үзүүлдэг цорын ганц байгууллага. Сүүлийн арван жил дээврийг засаагүй. Барилгын дээвэр муудсанаас жил бүр борооны дусаал гоожиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүндрэл учруулж байсан. Энэ жил бид “Өвсний үндэс” болон Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр дээврээ 100 хувь шинэчилж, Улсын комисс хүлээж авахад бэлэн боллоо. “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээс тодорхой хэмжээний төсөв үлдсэн. Үүнийг дотоод засал буюу таазны засварын ажилд зарцуулах боломж олгооч гэсэн хүсэлт Японы Засгийн газарт тавьсан” хэмээв.



Түүнчлэн Япон улсын засгийн газраас ХСҮТ-д сүүлийн үеийн ЭХО-ны иж бүрэн аппарат, тусгай тоноглол бүхий Тоёта Хайс маркийн түргэн тусламжийн машин бэлэглэжээ.  Үндэсний хэмжээнд хорт хавдрын оношилгоо болон төрөлжсөн мэс засал, туяа болон химийн эмчилгээ хийж гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй тус төвд сүүлийн үеийн тоног төхөөрөмж хамгийн хэрэгтэй байдгийг эмч ажиллагсад онцолж байлаа.



800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож буй БЗД-ийн  Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус цэцэрлэгийн дулааны шугам, бохирын хоолойг шинэчлэх ажлыг мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн 192 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. Үүний зэрэгцээ 14 бүлгийн ариун цэврийн өрөөг шинэчлэн тохижуулахад эцэг эхчүүдийн оролцоо ч их байсныг тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүү хэллээ.
Тэрбээр “Урьд нь манай ажилчид сантехникийн шугамаа тэрүүхэн хэсэгт нь боож аргалдаг байв. Гэхдээ шугам цоорох, халуун ус алдах аюултай байлаа. Энэ асуудлыг шийдсэнд бид маш их баяртай байна. Засвар шинэчлэл хийсний дараа ариун цэврийн өрөө гологдож эхэлсэн. Тиймээс эцэг, эхчүүдийн санаачилгаар хүүхдэд тохирсон шинэ ариун цэврийн байгууламж, угаалтуур тавьсан. Япон Улсын Засгийн газар, Өвсний үндэс хөтөлбөрийн хамт олон, эцэг, эхчүүддээ баярлалаа. Хүүхдийн төлөө хийж буй ажил бол хамгийн том буян юм" гэв.


Япон улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсад хэрэгжээд 42 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1977 онд “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах буцалтгүй тусламжаар эхэлсэн энэхүү ажил өдгөө олон салбарт хэрэгжиж байгаа юм. 2017 оны байдлаар Япон улс манай улсад 3.2 тэрбум иенийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгоод байна.  
Холбоотой мэдээ