Т.Борын хуучин хөшөөг Цогт-Овоо суманд байрлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-01 21:53:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд Монгол Улсын баатар Т.Борын талбайд байсан түүний хөшөөг Цогт-Овоо сумын төвд байрлуулна. 

Тус талбайг шинэчлэхдээ хуучин хөшөөг нь буулгаж хэрэгсэхгүй хаясан гэх мэдээлэл иргэдийн дунд тарж шүүмжлэл дагуулсан юм. Энэ талаар Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх мэдээлэл хийсэн байна. Тэрээр "Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит талбайг энэ жил бид шинэчлэн засварласан. Хуучин хөшөөг манай сумын дөрөвдүгээр багийн хашаанд манай ажилтнууд байрлуулан хадгалж байсан нь иргэдийг бухимдуулжээ. Бид энэхүү ажил хэргийн шүүмжийг хүлээн авч алдаагаа засаж ажиллах болно. Өнгөрсөн наймдугаар сард Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэнгээс сумандаа уг хөшөөг байрлуулах хүсэлт ирсэн байсан юм. Цогт-Овоо, Цогтцэций нийлээд Цогт сум гэж байхад ХЗЭ-ийн даргаар Т.Бор ажиллаж байсан түүхтэй. Хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан энэ ажил хойшлоод байлаа" гэлээ. 

Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын талбайг засварлаж түүний нэрэмжит “Залуус талбай” болгон өөрчилсөн юм. Энэхүү талбайд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж тайз, сандал, интернэт орчин, ногоон байгууламж, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг бий болгосон. 

Энэхүү талбайн хөшөөг 1977 онд босгосон бөгөөд 2003 онд шинэчлэн Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү бүтээсэн юм. МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борыг Улсын баатар  цолоор нэхэн шагнасан юм. 1930 онд 17 насандаа  тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. 1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалгад сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Баригдсан тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ. Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр хөндий цээжээрээ буудуулан шархдан мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйлдлийг илчлэн зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавъяаны амьд гэрч болсон билээ.



Холбоотой мэдээ