Өмнөговьд нүдний эвэрлийн бүдэгшил өвчлөл их байдаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-01 22:15:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Монгол, Канадын хамтарсан нүдний эмч нарын баг ажиллаж байна.

Канад улсын Лаурел Ретина сан болон улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарыг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нүдний эмч Ц.Мөнхцэцэг урьж ирүүлээд байгаа юм. Өнгөрсөн жилээс энэхүү эмч нарын баг ирж ажилласан байна. Энэ удаад тэд 20 хүнд нүдний хагалгаа хийхээр төлөвлөжээ.

Ц.Мөнхцэцэг эмч хэлэхдээ "Бид тоог чухалчлахгүй байгаа, хамгийн гол нь үр дүнтэй эмчилгээ хийхийг бид зорилгоо болгож байна" гэлээ. Түүний хувьд нүдний эмчээр мэргэшээд дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа аж. 

Энэ үеэр Канадын Лауреа Ретина сан болон Өмнөговь аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төв хамтран ажиллах гэрээг байгууллаа. Уг гэрээгээр Лауреа Ретина сангийн эмч нар Өмнөговьд таван жилийн хугацаанд хавар, намартаа ирж ажиллах юм байна. 

Өмнөговь аймгийн хувьд нүдний эвэрлийн бүдэгшил, нүдний болор цайлтын эмгэг хамгийн түгээмэл байдаг байна. Мөн нүдний даралт ихсэх, чихрийн шижингээс шалтгаалсан болон наснаас хамааралтай нүдний угийн өөрчлөлт зэрэг өвчлөл давамгай байдаг аж. 

Энэхүү эмч нарын хамтарсан баг энэ сарын 3-ныг дуустал ажиллах юм байна. 

Холбоотой мэдээ