Британи дахь монголчууд “Виндсор хагас марафон”-д оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-01 15:53:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Британийн хатан хааны эдлэн буюу Виндсор паркт өнгөрсөн сарын 29-нд болсон “Виндсор хагас марафон” (Windsor Half Marathon 2019)-д Британи дахь монголчуудын “Team Mongolia Runners” гүйлтийн клубийн 16 гишүүн оролцжээ.


37 дахь жилдээ болсон энэхүү марафонд 6000 гаруй хүн оролцсон байна. Уг марафон Виндсор  шилтгээн орчимд төрөл бүрийн ан амьтад, жигүүртэн шувууд нутагладаг, мод цэцэгс, гол горхи, нуур цөөрөм ихтэй байгалийн үзэсгэлэн төгс орчинд болдог тул оролцогчдын тоо жил бүр өсөж байгааг зохион байгуулагчид нь онцолжээ.


Лондон, Вест Сасэкс, Кэмбридж, Сарри муж болон Манчестер хотод амьдарч буй монголчууд марафоны 21.9 км замыг 2 цаг 35 минутын дотор туулж, дурсгалын медаль гарджээ. Марафонд оролцсоныхоо дараа тэд дараагийн тэмцээн, уралдаануудад оролцох, клубийн гишүүдийнхээ тоог нэмэх тухай санал солилцсон байна. Мөн клубийнхээ нэг жилийг ойн хүрээнд, 2020 оны хоёрдугаар сард болох Лондонгийн өвлийн 10км-ийн гүйлтэд оролцох болжээ. Түүнчлэн ирэх жилийн “Виндсор хагас марафонд” зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох талаар ярилцсан байна.


Марафонд оролцсон монголчуудыг Лондон дахь “Жи-Студи МН” гэрэл зургийн студи дэмжин ажиллажээ.

Холбоотой мэдээ