Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-01 12:33:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.


Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгасан гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орны салбрынхныг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж буй юм” гэлээ.


Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх аж. 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 41 мянган иргэнийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан бөгөөд улмаар 1996 онд тэтгэвэр бус нөхөн олговорт шилжүүлжээ. 1996 оноос нөхөн олговор авч эхэлсэн иргэд одоо тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч бага тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг нэг удаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Холбоотой мэдээ