Д.Бауыржан: Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон зарлах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-01 14:38:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржантай тус аймагт тулгамдсан зарим асуудлууд болон гарах арга замын талаар ярилцлаа. 


- Он дуусахад хоёрхон сар үлдэж байна. Энэ он Баян-Өлгий аймгийн хөгжилд юу авчрав?

- 2019 он манай аймгийн хувьд үр өгөөжтэй жил болж байна. Зуншлага сайхан болж, мал сүрэг тараг тэвээрэг авлаа. Энэ жил урьд жилүүдийг бодвол мах, ноолуурын үнэ өсөж, малчдын орлого нэмэгдэж байна. Одоогоос гурван жилийн өмнө манай аймаг 2 сая 460 мянган толгой мал тоолуулж байсан. Харин өнөөдөр малын тоо толгой 250 мянгаар буурсан. Энэ нь мал сүрэг сүүлийн жилүүдэд эдийн засгийн эргэлтэд орж, малчид малаа зах зээлд борлуулж чадаж байна гэсэн үг. Энэ бол малчдын амьжиргааны хувьд сайн үзүүлэлт. Мөн малын бэлчээр талхлалт багасаж, малын чанарт ч эерэгээр нөлөөлж байна. Миний бие саяхан хөдөө сумдаар яваад ирлээ. Иргэд ойрын 10 гаруй жилдээ аваагүй хадлан авч, өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ 2016 онд тус аймагт хамгийн тулгамдсан 10 асуудлыг тодорхойлж, аймгийн Засаг даргын ирэх 4 жилд хийх мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр асуудлуудыг ээлж дараатай шийдэж байна. Аймгийн ИТХ-аас  боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт бодлогын баримт бичгүүд боловсруулан баталж үйл ажиллагаанд нь ахиц дэвшил гаргалаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 150 ортой нэгдсэн эмнэлгийн барилга барьж эхэлсэн. Ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Ялангуяа эрүүл мэндийн салбарт орон нутагт ийм хэмжээний бүтээн байгуулалт сүүлийн 45 жил хийгээгүй юм. Энэ мэтчилэн боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбарт бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн аймгийн төв болон сумдын төвүүд сайхан тохижлоо. Зам тавьж, гэрэлтүүлэг хийхээс гадна цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхийн тулд  ухаалаг худаг гаргаж байна. Иргэд маань энэ бүхэнд сэтгэгдэл хангалуун байгаа.


- Тус аймагт шийдлээ олохгүй байгаа ямар ажлууд байна?

- Ажилгүйдлийн асуудал. Аймгийн хэмжээнд 20 гаруй мянган залуучууд ажилгүй байна. Энэ онд Засгийн газар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авсан. Үүний үр дүнд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд ахиц гарлаа. Энэ зун Эрдэнэс Монгол компанийн удирдах ажилтнууд ирж, Асгатын мөнгөний ордод ажилласан. Орд эдийн засгийн эргэлтэд орчихвол ажилгүйдлийг бууруулахад маш том хувь нэмэр болно.

Ажилгүйдлийг бууруулах дараагийн гаргалгаа бол Засгийн газар Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон албан ёсоор зарлах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ. Түүнтэй адилхан манай аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон зарлах талаар хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Наад зах нь Алтай таван богдын “Бест кэмп”-ээс төрийн тахилгын овоо хүртэлх 13 км замыг засчихвал эко аялал хөгжих боломжтой. Монгол орны дээвэр болсон Алтай Таван богдын байгалийн цогцолбор газар бол яах аргагүй аялал жуулчлалын гол түшиц газар мөн. Тиймээс л энэ боломжуудыг ашиглахын тулд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна.


- Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц буюу агаарын болон зорчигч тээвэр хамгийн чухал. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байна?

- Баян-Өлгий аймагт олон улсын нислэг хэрэгтэй байна. Олон улсын нислэгтэй болохын тулд  онгоц буух асфальт зурвасыг хоёр дахин өргөтгөх, онгоцны буудлыг суултын системтэй болгох, гар ажиллагаатай тээш түгээлтийг автоматжуулах, зорчигчдыг хоёр урсгалтай болгож, буудлыг томсгох шаардлагатай. Бусад аймгууд шөнийн нислэгтэй, харин манай аймгийн онгоцны буудал гэрэлтүүлэггүй учраас шөнийн нислэг үйлдэх боломжгүй. Эдгээр хүчин зүйлсээс болж тийзийн үнэ тэнгэрт хадаж байна. Жишээлбэл, жил бүр болдог Бүргэдийн баярын үеэр тийзийн үнэ нэг сая зургаан зуун мянган төгрөгт хүрдэг.

 Онгоцны тийзийн үнэ өндөр байгаагаас хүн дүүрэхгүй, Улаанбаатараас гарсан онгоц шугамын микро автобус шиг Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлд буугаад хүн суулгаад нисдэг. Хямдрал зарласан гэдэг ч хямдралтай суудлын тоо нь хязгаартай. Бүргэдийн баяраар Баян-Өлгийд гадаадын 3000-5000 мянган жуулчин ирэх хүсэлт ирүүлдэг. Гэхдээ дээрх хүчин зүйлсээс хамааран 800-1000 жуулчин л шууд нислэгээр ирж байна. Тийм учраас үлдсэн жуулчдыг Бүргэдийн баярт ирүүлэхийн тулд том оврын онгоцнуудыг нислэгийн өргөн зурвастай, шөнийн нислэгтэй Ховд аймагт буулгаад Баян-Өлгий аймаг руу автобусаар зөөж болно. Манай хоёр аймаг хатуу хучилттай замаар холбогдсон учраас 2 цаг 30 минут яваад ирнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц өгөх энэ асуудлыг  холбогдох газрууд бодлогоор зохицуулах ёстой.


- Онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох газарт нь тавьсан уу?

Энэхүү асуудлыг хэд хэдэн удаа хөндөж тавьсан.  Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан  дээр ч асуудлыг хөндсөн.


- Та Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон зарлах шаардлагатай гэлээ. Өмнө нь ямар ямар газруудыг аялал жуулчлалын бүс хэмээн зарласан байдаг вэ?

- Нэгдүгээр бүс бол Улаанбаатар хот. Үүний дараа Хэнтий, Хөвсгөл аймгийг дараагийн бүсүүдэд оруулсан. Баян-Өлгий аймгийг дараагийн бүс болгох саналыг хоёр жилийн өмнөөс тавьж эхэлсэн. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын  сайд  Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан нарт  энэхүү асуудалд  анхаарахыг хүссэн.


- Ажилгүйдлийг бууруулах өөр ямар гарц байна?

- Дараагийн гарц бол хил дамнасан худалдааг хоёр улсын яриа хэлэлцээрийн үр дүнд харилцан ашигтай байхаар зохицуулалт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, ОХУ болон БНХАУ-д манай улсын иргэд очиж наймаа хийхийг зөвшөөрдөггүй. Худалдааны татвар маш өндөр. Хилийн наана тус улсын иргэд маш хямд үнээр манай барааг аваад хил гарангуут хэд дахин өндөр үнээр худалдаж байна. Нэг жишээ хэлье л дээ. “Янмал” үйлдвэрийн тэмээний ноосон оймсыг манай иргэд  гурван мянган төгрөгөөр бөөнддөг. Харин Оросын иргэн хил гараад 200 рубль буюу 8500 төгрөгөөр борлуулж байна. Хятадад мөн адил 20 юань буюу 7800 төгрөг хүрдэг.


- Хил орчмын наймааг хил орчмын бүс нутгийн удирдлагуудын түвшинд зохицуулах боломж байгаа юу?

- Монгол Улс бол нэгдмэл улс, гадаад харилцааны нэг цонхны бодлоготой. Засгийн газрын түвшинд л шийдэгдэх асуудал. Сая ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айчлах үед тодорхой хэмжээгээр хөндөгдсөн байгаа.  


- Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ