УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-09-30 16:00:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөв.

УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 5-нд ээлжит бус чуулган эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган эхэлсэн юм. Энэ хугацаанд чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлаад буй юм.

Ээлжит бус чуулганыг хаах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ чуулган хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа зэрэг үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц байлаа. Нийт 69 өдөр үргэлжилсэн энэхүү чуулганаар  23 асуудал хэлэлцлээ. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд амралтаа хойш тавьж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үүргээ ухамсарлан хичээнгүйлэн ажилласан та бүхэндээ талархаж байна. Ээлжит бус чуулганы хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Улс төрийн намууд, ТББ, иргэдийг оролцуулсан 28 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ингэснээр иргэд, намуудын саналыг нэг бүрчлэн судлан, чухал шаардлагатайг нь төсөлд тусгаад байгаа. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ял завшихыг завдсан асуудлыг зогсоох талаар Улсын дээд шүүх, АТГ, УЕПГ-ын дарга нарт хүсэлт хүргүүллээ. Мөн төрөөс авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх ялын бодлого, эрүүгийн хариуцлагын үр нөлөөг судлан, хариуцлагыг чангатгах үүрэг бүхий ажлын баг байгуулан ажиллаж байна. Ажлын багийн санал дүгнэлтийг үндэслэн, шаардлагатай хууль, эрхзүйн зохицуулалтыг нэн даруй бүрдүүлэхийн тулд маргааш (2019.10.01) намрын ээлжит чуулганыг нээх болно. Бидний хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн чухал нэг зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлэх юм. Энэ бол түүхэн зорилт, амаргүй үйлс мөн. Та бид ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэн ажилласны дүнд энэхүү төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, ард түмнээр хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Энэ хууль нийгэмд бугшсан буруу бүхнийг засах хувьсгал эхлүүлж, хөгжил,  Монгол Улсыг дэвшлийн замд эргэлт буцалтгүй ороход бодит хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө хамтран ажиллахыг улс төрийн намууддаа уриалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ