Хилийн 0165 дугаар анги 85 хүүхдийн долоон цэцэрлэг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-28 19:01:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн 0165 дугаар анги хилчдийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж Өлгий хотод 25 ортой цэцэрлэг байгуулж ашиглалтад орууллаа.

Өнөөдөр болсон цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс, хилчид оролцлоо.

"Хил хамгаалах байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх ажлын хүрээнд хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 25 ортой цэцэрлэг байгуулж өнөөдөр нээж байна. Өлгий хотод цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Энэхүү цэцэрлэгийг нээснээр ажилчид маань өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ дагуулж ирээд цэцэрлэгт өгч, орой тарахдаа хамт аваад явах орчин бүрдэж байна. Түүнээс гадна зургаан заставд ийм цэцэрлэг тохижуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Хилийн заставууд дахь цэцэрлэгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Ангийн төвд өнөөдөр нээсэн цэцэрлэгтэй нийлээд долоон цэцэрлэгт нийтдээ 85 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой боллоо" хэмээн хилийн 0165 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны дарга, хошууч П.Хадбаатар хэллээ.

Дээрх цэцэрлэгүүдийг өмнө нь албанд ашиглаж байгаагүй байруудыг ангийн дотоод нөөц боломжоор стандартын дагуу засварлан тохижуулж ашиглалтад оруулсан байна.          

Холбоотой мэдээ