"Дураараа биш дүрмээрээ" аянд идэвхтэй оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-26 12:04:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дураараа биш дүрмээрээ” аяныг энэ сарын 23-ны өдрөөс орон даяар эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч О.Асылбек мэдээлэлдээ, "Аяны хугацаанд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, сөрөг хандлагыг өөрчлөхөд оршиж байгаа. Өлгий хотод оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөнтэй холбоотой шалгагдаж, арга хэмжээ авсан 657 зөрчил байна. Үүнээс 99 иргэн баривчлагдаж, 232 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Түүнээс гадна цагдаагийн алба хаагчид гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад тээврийн хэрэгслийг зөв байрлуулаагүй, гэрлээ шилжүүлээгүй, явган хүнд зам тавьж өгөөгүй, бичиг баримтаа биедээ авч яваагүй зэрэг 7268 зөрчлийг илрүүлж торгох арга хэмжээ авсан. Тийм учраас эдгээр зөрчлийн тоог бууруулах үүднээс "Дураараа биш дүрмээрээ" аяныг зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.    

Аяны хүрээнд цагдаагийн алба хаагчид ард иргэд, замын хөдөлгөөнд оролцогчдод Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомжуудыг сурталчлан таниулах, гудамж талбайд эргүүл хийх зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.

 

Холбоотой мэдээ