Ядуурлаас гарахад дотоодын ААН-үүдийн хувь нэмэр их бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Их танхимд
өнөөдөр "Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь" үндэсний чуулган
боллоо.
ХНХЯ, “Дэлхийн зөн Монгол” зэрэг төрийн болон
олон улсын байгууллага хамтран зохион байгуулж, АХБ, Дэлхийн банк, МҮХАҮТ зэрэг
байгууллага дэмжин оролцлоо. Энэ үеэр “Өрхийн амьжиргаа ба даван туулах
чадавхыг сайжруулах хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн
гаргасан юм. Өнөөдрийн чуулганы зорилго чухам өрхийн үйлдвэрлэл болон бизнесийг дотоодын
томоохон ААН-үүд дэмжихэд оршиж буйг зохион байгуулагчид нь мэдээлэв.
Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин байр сууриа илэрхийлэхдээ, “Ядуурлыг бууруулахын тулд ердөө л ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн орлогыг дээшлүүлэх ёстой. Тэгж байж бодит ахиц гарна. Энд дотоодын компани, ААН-үүдийн хувь нэмэр их бий.
Үүний оронд төр “Тавантолгой”-г ажиллуулж олсон ашгаа иргэдэд хувьцаа хэлбэрээр тараана гэдэг бас нэг талаар бэлэн хоол өгч байна гэсэн үг. Уг нь бизнес, эдийн засагт олон боломж байна. Юуны түрүүнд, бид сахилга бат, алсын хараагаа нэгтгэж хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Монгол Улсын 3 сая гаруйхан иргэнийг ядуурлаас гаргана гэдэг биелшгүй зүйл биш” гэж байв.
Үндэсний статистикийн хорооноос 2018 онд гаргасан судалгаагаар, Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуурлын шугамаас доогуур нөхцөлд амьдарч байна. 1995-1997 онд энэ үзүүлэлт 35 хувь байсантай харьцуулахад дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг өнөөдрийн чуулган дээр онцолж байлаа.
Тиймээс 2030 онд Монгол Улсын
хүрэхээр зорьж буй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд төрөөс болон
олон улсаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, уялдаа холбоог
нэмэгдүүлэх, туршлага солилцох, хамтдаа үр дүнтэй гарц гаргалгааг хэлэлцэх зорилгоор
"Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь" үндэсний чуулган болж буйг
зохион байгуулагч нар нь хэлж байна.
Б.Болд