"Намрын ногоон өдрүүд 2019"-ийн шилдэг оролцогчдыг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-24 16:13:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг БХЯ, ХХААХҮЯ-ны Иргэн танд зөвлөе” өдөрлөгөөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 


ХХААХҮЯ-ны нээлттэй өдөрлөгт тус яамны харьяа ЖДҮХС, Малын удмын сан, Зээлийн батлан даалтын сан, Хөдөө аж ахуйн бирж, Тариалан эрхлэлтийн дэмжих сан, Мал эмнэлгийн ерөнхий газар оролцож тус салбарт хэрэгжиж буй бодлого, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөрийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, зарим тусгай зөвшөөрлийн өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч байгаа юм. Мөн үеэр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн худалдахаас гадна хог хаягдлыг боловсруулан гаргаж авсан цаас, хөөсөн шил, сайжруулсан түлш зэргийг дэлгэн танилцуулж байна. 


Өдөрлөгийн үеэр, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тус салбарын хамгийн том өргөтгөсөн худалдаа болох Намрын ногоон өдрүүд-2019-ийн шилдэг оролцогчдод шагнал гардуулсан юм. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн, сав, баглаа боодол сайжирсан, бүтээгдэхүүний чанар дээшилж, оролцогчдын тоо нэмэгдсэнийг салбарын сайд онцлон тэмдэглэсэн юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн хүнсний салбарын 180 гаруй шилдэг үйлдвэрлэгч оролцжээ


ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар:Энэ жил бид ургац хураалт, хот суурин газрын иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч байна. Энэ хүрээнд Намрын ногоон өдрүүд-2019 өргөтгөсөн худалдааг амжилттай зохион байгууллаа. Шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах ажил нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд үргэлжилж байна. Хүнсний ногооноос гадна мах, сүү, цагаан идээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Намрын улаан өдрүүд Намрын цагаан өдрүүд-ийг зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.





Холбоотой мэдээ