Нийгмийн хамгааллын салбар байгууллагууд 1000 гаруй иргэнд үйлчилжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-23 18:56:01

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/289 дүгээр тушаалын дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил политехник коллеж хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 онд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн танилцуулга хийсэн. Мөн ажил хайгч иргэдийг бүртгэх, зуучлах, ажлын байрны захиалга авах, нийгмийн  халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэв.

Харин Нийгмийн даатгалын хэлтсээс салбарын хууль тогтоомж, тэтгэврийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл хийсэн.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөв.

Түүнчлэн Хөгжил политехник коллежийн сургалтын орчин, элсэлт авах журам, давуу талыг танилцуулахын зэрэгцээ суралцагчдын хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Ховд аймаг 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарлаж, "Хариуцлагатай тунгалаг төр" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дөрвөн байгууллагын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр дамжуулан 1000 гаруй иргэнд  төрийн үйлчилгээ үзүүлжээ.

Тус өдөрлөг нь байгууллагуудын үйл ажиллагааг  эрчимжүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, салбарын цогц үйлчилгээг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэв. 

Холбоотой мэдээ