Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөөц боломж орон нутагт өөрт нь байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-19 11:32:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарынхны хоорондын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт тус салбарыг хөгжүүлэх боломж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах уулзалт зөвлөгөөн Баянхонгор хотноо боллоо.

“Орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудал” сэдэвт тус уулзалт зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран энэ сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Сургалт зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн, Б.Жавхлан, Зочин илтгэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн зохицуулагч Ч.Оюун-Эрдэнэ болон 19 аймгийн БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хамрагдсан байна.
Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, "Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөөц боломж нь орон нутагт өөрт нь байгаа, ингэж хөгжүүлэхэд бодлогын байгууллагууд санал санаачилгa, идэвх чармайлттай ажиллах шаардлагатай. Цаашлаад салбарыг эрчимтэй, үр дүнтэй хөгжүүлэхэд хүний нөөц, төсөв хөрөнгө чухал учир энэ асуудлыг яамны зүгээс ч, орон нутгийн зүгээс ч харилцан анхаарч дэмжиж байж үр дүнд хүрнэ" гэдгийг онцолж байв.
Зөвлөгөөнд Монгол Улсын БОАЖЯ-наас аялал жуулчлалын чиглэлээр орон нутагт баримталж байгаа бодлого, Хууль эрхзүйн шинэчлэл зэргээр мэдээлэл хийсэн бөгөөд тухайн бүсдээ аялал жуулчлалын салбарын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа аймгууд /Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод/ илтгэл мэдээлэл хийсэн байна. Мөн үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны тавьсан илтгэл, орон нутагт байгуулсан эвент, бүтэц орон тоо, нөөц, хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн, үзмэрүүд, онцлог ажлуудын талаарх мэдээлэл нь аймгуудын хувьд туршлага болохуйц мэдээлэл байсныг оролцогчид хэлж байлаа. Зөвлөгөөний төгсгөлд орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэг, асуулт, санал өрнүүлж, салбарын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Ташрамд, Зөвлөгөөнд оролцогчид аймгийн төвтэй танилцах аялал буюу Баянхонгор хотын өндөрлөг Эрдэнэмандал хайрханаас хотын ерөнхий байдалтай танилцаж, аймгийн төв талбай, Н.Жамбаа баатрын хөшөө, Жуулчны мэдээллийн төв, Хонгор нутгийн байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий алдарт Шаргалжуутын халуун рашаан сувилалтай танилцах аяллыг хийжээ.

Холбоотой мэдээ