Их аваргууд өнжсөн Аки башё улам өрсөлдөөнтэй үргэлжилж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-17 10:14:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 9 дэх өдрийн барилдааны дараа Окиноүми 8 даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж байна.


Тэрбээр энэ өдөр Рюүдэнд хокиотоши мэхээр уналаа. Түүний араас Такакейшо, Митакэүми, Асанояма нар 2 унаатай нэхэж байна. Энэ өдрийн барилдаанд Озэки Гойэдо, Шодайг ошидаши мэхээр давж 6 даваатай болсон бол Озэки Точиношин Эндог хатакикоми мэхээр давж 4 даваа, 5 унаатай, Эндо 6 даваатай болов.


Такакейшо энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг ошидаши мэхээр давж 7 даваатай болж, Тамаваши 5 даваатай байна. Энэ өдөр Митакэүми Томоказег, Асанояма Абиг тус тус давлаа. Аки башёгийн 9 дэх өдөр монгол бөх Азүмарюү С.Тодбилэг /191 см өндөр, 160 кг, 32 настай/, япон бөх Энхо /168 см өндөр, 98 кг, 25 настай / нарын барилдаан үзэгч олны хамгийн их сонирхол татсан юм. Энэ барилдаанд Азүмарюү абисетаоши мэхээр Энхог давснаар тэд адилхан 5 даваа, 4 унаатай боллоо. 

Холбоотой мэдээ