Ойта мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-14 00:48:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Японы Ойта мужийн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хүлээн авч уулзлаа.

Ойто муж нь Баянхонгор аймагтай 1998 оноос найрамдалт хамтын ажиллагаагаа эхлүүлж, тус аймагт Соого Сейко сургуулийг байгуулсан байдаг. Тус сургуулийг байгуулснаас хойш Япон улс руу 100 гаруй багш, сурагч туршлага судлах аялал хийж, эрдэм мэдлэгээ дээшлүүлжээ.

Анх 100 орчим сурагчтай байсан Соого Сейко сургууль өдгөө 900 гаруй сурагчтай болоод байгаа бөгөөд сурагчид сурлагын амжилтаараа аймагтаа төдийгүй улсад дээгүүр амжилт үзүүлдэг байна. Тус сургуулийн өргөтгөл болон спорт заалыг байгуулах хүсэлтээ тус сургуулийнхан холбогдох албаныханд уламжлаад байсан бол уулзалтын хүрээнд аймгийн ИТХ-ын зүгээс 2019 онд спорт заал, 2020 онд сургуулийн өргөтгөл барих саналыг Засгийн газарт хүргүүлснээ дуулгасан юм. Уг саналыг ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга мөн үеэр илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр Япон улсын Ойта мужийн нэр бүхий төлөөлөгчдийг Монгол Улс, тэр дундаа Баянхонгор аймагт оруулсан хувь нэмрийг үнэлж УИХ-ын даргын болон аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар шагнасан байна.

Холбоотой мэдээ