Улаанбаатарт Британийн стандартын байгууллага /bsi./ төлөөлөгчийн газраа нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭВSI нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн чадавхийг бэхжүүлэх, Европын болон олон улсын шилдэг стандартуудыг Монголын хөрсөнд буулгах зорилготой Улаанбаатар хотод төвөө албан ёсоор нээлээ.
Цаашид сургалт, баталгаажуулалтын байгууллагын хувьд Монгол Улсын төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон ТББ-уудад удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэн баталгаажуулах, мэргэжлийн удирдлагын тогтолцооны аудитор, сургагч багш болон зөвлөхүүдийг сургаж чадавхжуулах ажлыг хэрэгжүүлэх юм.
Тус байгууллага нь дэлхийн 175 орны 90 мянга гаруй байгууллагад чанар, бүтээмж, аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, нэр хүндийн хамгаалалтыг сайжруулах болон тогтвортой байдлыг дээшлүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. ВSI нь зөвхөн шалгалт хийх төдийгүй стандартуудыг боловсруулж, олон улсын түвшинд хөгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.
ВSI-гийн үйлчилгээг дэлхийн нэр хүнд бүхий байгууллага, компаниуд авахыг хүсдэг. Тухайлбал, BMW, Yahoo, Ford, Shall, Motorola, Dell, Microsoft, Toyota, Boeing, American Express, Mersedes Benz, Philips, Sony, Cisco зэрэг олон улсад нэр хүнд бүхий байгууллага, компаниуд үйлчлүүлдэг.
Монголд төлөөлөгчийн газраа нээснээр манай аж ахуйн нэгж байгууллагууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж зах зээлээ тэлэх Европын болон олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хамтрах, хөрөнгө босгох боломж бүрдэх олон давуу тал бий болох юм. ВSI-гийн төлөөлөгчийн газар нь манай улсын төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагад олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтыг хийнэ.
Энэ хүрээнд ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны шинэчилсэн стандартын сургалтыг Монгол-Германы гүүр ТББ-тай хамтран энэ сарын 7-8-нд зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн 20 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Д.Өлзий