Гал сөнөөгч, аврагч нар Дорноговьд туршлага солилцож байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-12 14:01:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт болж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Галын эсрэг хариу арга хэмжээ” сургалтаар үргэлжилж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж буй бөгөөд сургалтад ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид болон Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж буй.

Сургалтаар гал унтраах арга ажиллагаа, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангах сэдвийн хүрээнд харилцан туршлага мэдээлэл солилцжээ.

Дорноговь аймагт Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, Айраг сум дахь гал унтраах 23 дугаар анги тус тус үйл ажиллагаа явуулдаг.

“Говийн чоно-2019” дадлага сургуулийн иргэд олон нийтийг оролцуулсан томоохон үйл явдал бол Сайншанд сумын иргэдийн нүүн шилжих дадлага, сургуулилт юм. Дадлага сургуулийг 09 дүгээр сарын 21-нд зохионбайгуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ