УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-11 16:14:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 15.45 цагт эхэллээ. Хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.   


Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг ТББХ-ны дарга С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтад найруулгын өөрчлөлт оруулсныг танилцуулав. Тухайлбал, Үндсэн хуулийн 19.1.1-т нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж өөрчлөн найруулах саналыг “нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж үйл ажиллагаа явуулна” хэмээн томьёолсон байна. Ингэснээр, нам улсын хэмжээнд бүтэц байгуулж ажиллана гэсэн ташаа ойлголтыг цэгцэлж байгааг онцлов. Мөн УИХ-ын нэр бүхий 20 гишүүний гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж дөрөв дэх өгүүлбэр нэмэх санал боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас дагаж мөрдөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулгад оруулах төсөл боловсруулсныг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа. 


Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авч байна. 

Холбоотой мэдээ