Т.Серикжан: Цус багадалт хүүхэд амьгүй төрөх нэг шалтгаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-10 11:13:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар тус эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Т.Серикжантай ярилцлаа.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд сүүлийн үед ямар ахиц, дэвшил гарч байна?

- Миний хувьд 2016 оны есдүгээр сарын 1-нд энэ ажлыг авсан. Тус эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан, сантехникийн сүлжээ нь хуучирсан тул ажил авангуутаа холбогдох байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, шинэ байр барих асуудлыг аймгийн удирдлагууд болон холбогдох яам, агентлагуудад тавьсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны Наурыз баярын үеэр Баян-Өлгий аймагт ирж ажиллахдаа эмнэлгийн одоогийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, байрны асуудлыг газар дээр нь шийдсэн. Үүний үр дүнд 2018 оноос 50 ортой Хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн. Энэ намраас Нэгдсэн эмнэлгийн шинэ байр барина. Мөн орон нутгийн удирдлага, салбарын яам, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дад хандсаны үр дүнд эмнэлгийн Сэхээний, Сэтгэц наркологийн, Хүүхдийн, Төрөх, Яаралтай тусламжийн тасагт тус тус засвар хийлээ. Манай эмнэлэг олон жилийн турш 1996 онд баталсан бүтцээр 328 хүний орон тоогоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Аймгийн хүн амын өсөлттэй уялдуулан орон тоо нэмсэн асуудал байгаагүй тул төсөв, дотоод нөөц боломжид тулгуурлан уг асуудлыг байгууллага дотроо зохицуулж байжээ. Энэ нь заримдаа илүү хүн авч ажиллуулж байгаа мэт харагддаг байлаа. Уг асуудлыг хөөцөлдсөний үндсэнд 2019 онд 40 орон тоо нэмж батлуулж чадсан. Энэ бол шинээр 40 хүнийг ажилд авсан хэрэг биш, өмнө нь илүү орон тоо гэж явж байсан 40 хүний цалингийн санг албан ёсны болгож батлуулсан гэсэн үг.    

Боловсон хүчнээ чадавхжуулах чиглэлээр ямар ажил зохион байгуулав?

- Манайд анагаахын их, дээд сургууль төгссөн ерөнхий эмч мэргэжилтэй, мөн сувилахуйн сургуулийг төгссөн сувилагч мэргэжилтэй хүмүүс их байдаг боловч төрөлжсөн мэргэжил эзэмшсэн боловсон хүчин ховор. Тийм учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 17 хүнийг нарийн мэргэжлийн сургалтад явуулсан. Үүний цаад зорилго нь бол амбулаторийн үйлчилгээ авч байгаа иргэдийн чирэгдлийг бууруулах юм. Жишээлбэл, өнөөдөр амбулаторид дотор, нүдний нарийн мэргэжлийн тус бүр нэг эмч үйл ажиллагаа явуулж байгаа бол цаашид үүнийг дор хаяж хоёр болгохыг зорьж байна. Ингэснээр иргэд эмчээ сонгох, ачааллыг бууруулах боломж бүрдэнэ.

Нэгдсэн эмнэлэгт шинээр эмнэлгийн тоног төхөөрөмж ирсэн үү?

- Кувейт Улсын ЭСЯ-наас 120 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Яаралтай тусламжийн тасагт олгосон байгаа. Үүнээс гадна яамнаас 213 сая төгрөгийн үнэ бүхий ЭХО, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх 200 сая төгрөгийн үнэтэй флюрограммын аппарат зэрэг тоног төхөөрөмж нийлүүлж байна. Төсөв мөнгө нь шийдэгдээгүй хоёр тоног төхөөрөмж үлдсэн. Энэ бол рентген аппарат, дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байгаа. Гэхдээ рентген аппаратыг нийлүүлнэ гэж саяхан ЭМЯ-наас мэдэгдсэн.

Хүүхдийн эмнэлэг болон Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ?

- Хүүхдийн эмнэлэг 2020 оны 10 дугаар сард ашиглалтад орох ёстой. Учир нь төсөв нь улсын санхүү, эдийн засгийн байдалтай холбоотой он дамжин гурав хуваагдаж батлагдсан байдаг. Харин Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга хоёр хэсэгтэй. Хажуудаа морг, ариутгалын тасаг гэсэн нэг давхартай хоёр барилга барина. Гэхдээ зөвхөн нэг корпус нь 8 тэрбум 700 сая төгрөгөөр босно. 2020 оны 10 дугаар сард эхний хэсэг, 2021 онд хоёр дахь хэсгийг барьж дуусна. 2022 он гэхэд Нэгдсэн эмнэлгийн 100 ортой шинэ барилга бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрнэ хэмээн тооцож байгаа.

Тус эмнэлгийн эмч, сувилагч нарын ачаалал ямар байна?

- 2017 онд батлагдсан шинэ стандартаар манай эмнэлэгт 520 эмч, ажилтан ажиллах ёстой. Одоогоор 430 орон тоогоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 70 орчим мянган хүн амд үйлчлэх хүчин чадлаар 105 мянган хүнд үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг юм. Нэгдсэн эмнэлгийн ачаалал их, хэвтэн эмчлүүлэгчид нэг сар хүртэл дугаарлаж байна. Тийм учраас орон тоо, боловсон хүчний асуудлыг үргэлжлүүлэн ярих шаардлагатай.

Дурангийн мэс заслын тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэж та дээр хэллээ. Тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдлээ гэж бодоход боловсон хүчин бэлэн үү?

- Бид эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр нэг эмч сургасан. Саяхан Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэн Б.Бейсен эмч маань энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин байгаа. Мөн мэс заслын хоёр эмчтэй болох зорилгоор ирэх 10 дугаар сард мэс заслын дахин нэг эмчийг сургалтад явуулна. Тоног төхөөрөмж ирсэн тохиолдолд гурван эмч маань дурангийн хагалгаа хийхэд бэлэн байгаа.

- Монгол Улсын Засгийн газраас 2014 онд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулж, хоёр тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Эдгээр тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадаж байна уу?

- Шээс, цусны ерөнхий, биохимийн шинжилгээний аппаратын урсгал засварыг хийж, үйл ажиллагаа нь жигд явж байна. Компьютер томографын аппаратыг эвдрэхээс урьдчилан сэргийлж 30 сая төгрөгөөр урсгал засвар хийж, ард иргэдэд хэвийн үйлчилгээ үзүүлж байна.

Таны ярианаас харахад аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн жилүүдэд нэлээн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Харин Улаанбаатар хот руу явж, гурав дахь шатны эмнэлгүүдэд очин эмчилгээ хийлгэдэг хүмүүсийн тоо багассан уу?

- Гурав дахь шатны эмнэлгүүдэд очих хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Учир нь оношилгооны аппарат нэмэгдэх тусам нарийн онош их тавигдаж байна. Мөн гуравдугаар шатны эмнэлгүүдэд очих шаардлагатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа. Шат шатаар арга хэмжээ авах үүднээс бид өвчтөнүүдийг гуравдугаар шатны эмнэлгүүдэд илгээдэг. Гэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд зарим өвчнийг орон нутагт эмчлэх боломжийг эрэлхийлж байна.

Жишээ нь ямар өвчнүүдийг орон нутагт эмчлэх вэ?

- Арьс нөхөх хагалгааг өөрсдөө хийж байгаа. Монос компанитай ярьж арьс хуулах төхөөрөмжийг хандивын журмаар авсан. Тархины хагалгааг аймагтаа хийхийг зорьж байна. Өнгөрсөн долоо хоногт манай эмч нар цус харвасан өвчтөний тархин дахь цус хурсан хэсгийг хагалгаа хийж авсан. Гавлын ясыг нээдэг өөрийн гэсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байдаг. Тэр нь бас манайд дутмаг байна. Мөн шилбэний яс хугарсан өвчтөнийг Улаанбаатарт явуулахгүйгээр аймагтаа хадъя гэж зорилт тавьж, одоогоор таван хүний шилбийг хадсан. Шилбэ хадахад ч зориулалтын багаж хэрэгсэл шаардагдана. Цаашид дунд шөмөг болон бусад төрлийн хугарлуудыг мэс заслын аргаар эмчлэх хэрэгтэй байна. Хүний бүх эрхтэн систем, яс болгонд өөрийн гэсэн онцлогтой багаж хэрэгсэл шаардлагатай. Тэр болгоныг шат шатаар нийлүүлж авахгүй бол болохгүй. Ихэнхдээ хандивын байгууллагуудад хандаж байна.  

-  Баян-Өлгий аймгийн ард иргэдийн хувьд ямар өвчнүүд нас баралтын голлох шалтгаан болж байна?

- Цус харвалт, зүрх судасны өвчин байна. Мөн өвлийн улиралд амьсгалын замын өвчин нэмэгдэж байгаа. Иргэд хоол ундаа цагтаа идэх, өөх тос ихтэй хоол хүнс бага хэрэглэх, хөдөлгөөнөө нэмэх, давсны хэрэглээг багасгах гэх мэтчилэн амьдрах хэв маягаа сайжруулах шаардлагатай байна. Ихэнх өвчнүүд дээрх асуудлуудаас болж үүсдэг. Өндөр уулын бүсэд оршдог манай аймгийн хувьд цаг уур, газар зүйн онцлог бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Өвдсөн хойно эмчлүүлэх нь урьдчилан сэргийлэхээс илүү их зардал гаргадгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна.

Баян-Өлгий аймаг эх, хүүхдийн эндэгдлийн түвшингээр улсад дээгүүрт орж ирсэн. Одоо ямар хандлага ажиглагдаж байна?

- Сүүлийн хоёр жилд манай аймагт эхийн эндэгдэл болон амьгүй төрөлт хамаагүй буурсан. 2018 онд анх удаагаа эхийн эндэгдэлгүй гарсан. Энэ оны эхний найман сарын байдлаар мөн эхийн эндэгдэлгүй явж байна. Хүүхдийн эндэгдлийг 2017 онд улсын дунджаас бууруулсан. Харин өнгөрсөн онд зөвхөн Цэнгэл суманд гэхэд янз бүрийн шалтгаанаар 17 хүүхэд эндсэн байгаа. Түүнээс болж улсын дундажтай ойролцоо дөхөж ирсэн. 2019 оны эхний зургаан сарын байдлаар улсын дундаж орчим явж байна. Бид хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хот дахь ЭХЭМҮТ болон АШУИҮС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн багш нарыг орон нутагт урьж ирүүлэн Нэгдсэн эмнэлэг дээр 20 орчим хоног ажиллуулсан. Харин амьгүй төрөлт заримдаа эмнэлгээс шалтгаалахгүй байгаа. Манай аймагт суурь өвчинтэй, цус багадалттай эхчүүд олон байна. Хөдөө сумдад ажиллаж, амьдарч байгаа эхчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй. Үүр цайхаас орой унтах хүртлээ хөдөлмөр эрхэлдэг. Эрчүүд маань эхчүүдэд тусалдаггүй. Маш их ядаргаанд орж, хоол ундаа зөв зохистой хэрэглэхгүй байгаагаас цус багадалттай болж байгаа. Цус багадалт хүүхэд амьгүй төрөх нэг шалтгаан болж байна. Түүнээс гадна гэр бүл төлөвлөлт буруу, жирэмсэн эхчүүд эрт хяналтад орохгүй байгаа зэрэг олон асуудал байна.

Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөө сумдад дуудлагаар хэр их явж байна?

- Хөдөө сумдаас өдөрт хамгийн багадаа нэг дуудлага ирж байна. Ихэвчлэн цус харвалт, эх, хүүхдийн асуудлаар дуудлага өгдөг. Уулын бэлд төрөхөөр завдаж байна, цус алдаж байна гэдэг дуудлагыг маш их хүлээж авдаг. Манай эмч нар он гараад найман удаа гэрийн хагалгаа хийсэн. Харин өнгөрсөн онд зургаан хагалгаа хийсэн байдаг.

Ард иргэдийн зүгээс Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын ажлын хариуцлага, ёс зүйд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй ханддаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

- Анх ажил авахад дээр дурдсан асуудлуудаас гадна эмч, эмнэлгийн ажилтнуудыг ёс зүйн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсан. Бид гурван жил дараалан жилд хоёр удаа Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудаас ёс зүйн чиглэлээр сургалт авч байна. Тодорхой хэмжээний ахиц гарсан гэж боддог. Гэхдээ үйлчилгээ авч байгаа ард иргэдээс ч, манай ажилчдаас ч ёс зүйн доголдол гарч байна. Аль аль нь ч болж өгөхгүй байгаа. Манай байгууллага Ёс зүйн хороотой. Тус хороо тодорхой хэмжээгээр ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэж байгаа. Өргөдөл гомдлын тоо жилээс жилд багасаж байгаа боловч сэтгэлд хүрэхгүй байна.

Эмч хүний хувьд ярилцлагынхаа төгсөлд ард иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Энэ хоёр үгийг ямагт санаж яваарай гэж зөвлөе.

Баярлалаа.

Холбоотой мэдээ