Монголын шигшээ баг өнөөдөр Мьянмартай тоглоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-05 08:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооноос лхагва гарагт /2019.09.04/ Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын Улаанбаатарт хотноо болох анхны тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурлыг “Holyday Inn” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.


Монгол Улсын шигшээ баг Катар-2022хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн I шатыг амжилттай давж II шатанд шалгарсан. Монгол Улсын шигшээ баг түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын II шатанд шалгарсан бөгөөд Азийн бүсийн II шатанд Япон, Киргиз, Тажикистан болон Мьянмар улсын шигшээ багуудтай F хэсэгт багтсан.


Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 17 цагт талбайдаа Мьянмар улсын шигшээ багтай тоглоно. Манай шигшээ баг наймдугаар сарын 31 хүртэл 15 хоногийн хугацаанд Унгар улсад бэлтгэл хийсэн. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн залуу тоглогчдыг шинээр дуудсан юм.

Энэхүү хэвлэлийн бага хурлаар Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Герман мэргэжилтэн М.Вайс хэлэхдээ: “Бидний зорилго бол ирээдүйгээ харсан учраас шигшээ багтаа залуу тоглогчдод боломж олгож байгаа. Миний туйлын зорилт бол туршлагатай тамирчдаа түшиглэж шинэ, залуу тоглогчдыг гаргах зорилготой ажиллаж байна. Мьянмарын шигшээ баг бол сул өрсөлдөгч биш. Бид талбайдаа тоглож байгаа нь давуу тал болно. Мьянмарын шигшээд дасгалжуулагч байсан герман дасгалжуулагчийг би мэддэг. Тиймээс энэ багийг би маш сайн судалсан. Манай багийн хувьд хожих, хожигдох нь чухал биш. Харин эцсийн зорилт ирээдүйн хүчирхэг шигшээ багийн бэлтгэх явдал. Миний хувьд шигшээ багтайгаа 15 дахь тоглолтдоо оролцох гэж байгаа нь бас давуу тал юм” гэлээ.


Харин Монголын шигшээ багтай өрсөлдөх Мьянмар улсын шигшээ багийн дасгалжуулагч Монтенегро
улсын мэргэжилтэн М.Радулович: “Бидний хувьд цагийн зөрүү, цаг агаар болон хиймэл зүлгэн дээр тоглох гээд бэрхшээл бий. Гэхдээ бид энэ тоглолтод эерэг үр дүн авна гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ. Мьянмарын шигшээ багийн дасгалжуулагч М.Радулович ажлаа аваад 4 сар болж байгаа бөгөөд 2 дахь тоглолтдоо оролцох гэж байгаа юм.


Мьянмар улсын шигшээ багийн эсрэг тоглолтод оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Хаалгач: А.Сайханчулуун (Улаанбаатар), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220), Б.Ариунболд (Эрчим), Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик220), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав, Г.Билгүүн (хоёулаа Эрчим), О.Мөнх-Оргил, А.Дөлгөөн (Дэрэн), С.Өсөхбаяр (Улаанбаатар) Хагас хамгаалагч: С.Ганхуяг, Ж.Сүндорж, Д.Тэмүүлэн (бүгдээрээ Хангарьд), Х.Цэнд-Аюуш, М.Жансерик (хоёулаа Дэрэн), Б.Төгсбилэг, А.Нармандах (хоёулаа Улаанбаатар Сити), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Балжинням (Улаанбаатар), Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), Ц.Энхтөр (Эрчим), О.Мижиддорж (Улаанбаатар Сити), Э.Мөнгөнбагана (Андууд Сити)

Холбоотой мэдээ