Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 65000 номоо электрон каталогид бүрэн шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-05 15:15:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн түүхт 75 жилийн ой ирэх сард тохиож байна. 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагдаж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган номын фондтой Номын сан-мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хамт олон уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс 65000 номоо электрон каталогид бүрэн оруулж интернэтийн үүлэн технологид холбогдсон нь орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн томоохон алхам болжээ. Уншигч үйлчлүүлэгчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа байгаа газраасаа аймгийн номын сангийн сан хөмрөг дэх 60 гаруй мянган номын мэдээллийг авч, урьдчилан захиалга хийх боломжтой болж байгаа юм.

Тус хамт олон түүхт 75 жилийн ойгоо ажлын их амжилтаар угтаж байна. Тухайлбал “Хөвсгөлийн цахим мэдээлэл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан цахим санал асуулгын дүнгээр “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарч, цом өргөмжлөл, аймгийн хэмжээний төсөвт байгууллагуудын дундаас сүүлийн 3 жилийн хугацаанд өр авлагагүй, хяналт шалгалтын акт, нөхөн торгуульгүй, аудитын шалгалтаар зөрчилгүй гэсэн үзүүлэлтүүдээрээ “Санхүүгийн зөрчилгүй байгууллага”-аар шалгарсан байна.

Хүүхэд бүрийн эрхийг хангах сайн засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Цахим номын сан”, “Манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь”,“Оньсон тоглоом оюунлаг төсөл”, “Номын санд чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлэх нь”, Швейцарын хөгжлийн агентлагтай 81027816 тоот гэрээний дагуу “Номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх нь" төслийн 24 сая төгрөгийн санхүүжилтээр “Чөлөөт сонголттой уншлагын танхим”, Уншъя, урлая” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн Монгол Улсын Үндэсний номын сангийн нэрэмжит дээд шагнал “Ном цом” шагналаар шагнуулсан ажээ.

Холбоотой мэдээ