Аймгийн засаг дарга А.Гылымхан хурандаа нарт хүндэтгэл үзүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-04 13:32:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг угтан тус аймагт хил хамгаалах, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахмад хурандаа нарыг өчигдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Засаг дарга хэлсэн үгэндээ, "Ойн баярын хүрээнд Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгдсэн Монгол Улсын баатар М.Икейн Халх гол сум дахь хөшөөг сэргээн засварлаж, Өлгий хотын төв талбайд баатрын хөшөөг шинээр босгож байна. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад энэ долоо хоногт эх оронч үзлийн талаар хичээл зааж, радио телевизүүдээр цуврал нэвтрүүлэг явуулж байгаа хэмээж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад нөр их хувь нэмэр оруулсан явдалд хурандаа нарт талархал илэрхийллээ.

Түүнчлэн Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн өмнө байрласан М.Икей баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. 

Холбоотой мэдээ