Мехикод тогтоосон “экологийн хязгаарлалтад” 2 сая гаруй машин өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-07 14:51:31

МЕХИКО. /TASS/. Мексикийн нийслэл хотод экологийн хямрал үүссэнтэй холбоотойгоор авсан хязгаарлалтын хүрээнд лхагва гарагт 2 сая гаруй автомашин хөдөлгөөнд оролцоогүй байна. "Радио Формула" радиостанцын мэдээлснээр, уг арга хэмжээ нь Мехико хотын гол замуудын ачааллыг хэсэгчлэн бууруулахад тус дөхөм болсон боловч нийтийн тээвэр, ялангуяа метронд нэмэлт ачаалал үүсгэжээ.

Мексикийн нийслэлийн дүүргүүд болон дагуул хотуудад нийтдээ 5.4 сая автомашин бүртгэлтэй байдаг аж.

Агаарын чанарыг хянах албаны мэдээлснээр, одоогийн байдлаар Мехикогийн хөндийн агаар мандлын хамгийн доод үе давхаргын бохирдлын түвшин 130 баллтай /0-200 хүртэл шкал/ байгаа нь мягмар гарагийнхаас 26 баллаар буурсан үзүүлэлт юм.

Түүнээс гадна, агаарын чанар сайжирч байгаа нь салхины чиглэл өөрчлөгдөж өмнө зүг рүү чиглэсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч 20 гаруй сая хүн амтай, дэлхийн хамгийн том хотуудын нэг болох Мехикод энэ долоо хоногийг дуустал байдал таагүй байх төлөвтэй байна.

Мехико хотын агаар дахь хорт бодисын агууламж эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын дундуур тус хотод анх удаа /сүүлийн 14 жилийн хугацаанд/ экологийн түгшүүр зарласан юм. Экологийн түгшүүр зарласны дараа эрх баригчид автомашины дугаарын хязгаарлалт тогтоохоо  мэдэгджээ. Хэдийгээр оршин суугчдын зарим хэсэг нь дургүйцлээ илэрхийлсэн боловч дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн нийслэл хотын 16 дүүрэг болон Мехико мужийн засаг захиргааны 18 нэгжид шинэ журам хэрэгжиж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ