Сэлэнгэ аймгийн нийт сумыг цахим сүлжээнд холбох ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-02 09:24:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх сумыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажил эхлээд байна.

Өнгөрсөн 4 дүгээр сард Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус аймгийн Алтанбулаг, Ерөө, Цагааннуур сумыг цахим сүлжээнд холбох ажил хийсэн аж. Харин энэ удаа бүх сумыг буюу тус аймгийн 17 сум, 6 тосгоныг цахим сүлжээнд холбох ажлыг 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлээд байгаа ажээ. Энэхүү нийт сумыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажилд зарцуулах хөрөнгө, санхүүгийн асуудлыг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр шийдвэрлэж байгаа юм байна.

Мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үнэн зөв, чирэгдэлгүй, шуурхай хүргэх, иргэний улсын бүртгэлийн 20 орчим үйлчилгээг сумаасаа авах боломж бүрдэх гэнэ.

Энэхүү Монгол Улсын нийт сумыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал” болон “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрт тус тус тусгагдсаны дагуу эхэлжээ. 

Холбоотой мэдээ