Ираны “Adrian Darya 1” нефть тээвэрлэгчийн эсрэг хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-31 11:26:23

ВАШИНГТОН. /TASS/. Гибралтарын эрх баригчдын саатуулж, хожим нь сулласан Ираны “Adrian Darya 1” нефть тээвэрлэгчийг АНУ хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэн байна.


Хориг арга хэмжээний жагсаалтад мөн тус хөлөг онгоцны ахмад Энэтхэгийн иргэн Ахилеш Кумарыг оруулжээ. Сангийн яамны мэдэгдэж байгаагаар, “Adrian Darya 1” нефть тээвэрлэгч нь 2.1 тэрбум торх газрын тос тээвэрлэсэн бөгөөд Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын "Аль-Кудс" тусгай хүчинд ашгаасаа өгсөн аж. Хориг арга хэмжээг терроризм болон террорист үйл ажиллагааг дэмжигчидтэй тэмцэхэд чиглэсэн захирамжийн хүрээнд авжээ.


“Adrian Darya 1” зэрэг нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд нь дайсагнасан үйл ажиллагаагаа санхүүжүүлж, терроризмыг хөхиүлэн дэмжих зорилгоор газрын тосыг нуун дарагдуулж, хууль бусаар худалдан борлуулахыг оролдож буй “Аль-Кудс” хүчинд ихээхэн хэмжээгээр газрын тос тээвэрлэх боломжийг олгож байна. “Adrian Darya 1” тээвэрлэгчид дэмжлэг үзүүлсэн бүхэн хориг арга хэмжээний жагсаалтад орох эрсдэлтэй” хэмээн Сангийн яам мэдэгджээ. 


Холбоотой мэдээ