Сүхбаатар аймгийн дайчид Халх голын дайнд...

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-30 15:36:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халхын голын дайн Сүхбаатар аймгийн газар нутаг дээр болоогүй ч тус аймгаас 600 гаруй дайчин дайнд оролцож байжээ. 

Дайн эхлэх үед Сүхбаатар аймгийг байгуулж амжаагүй байсан болохоор энэ нутгийн дайчид Хэнтий аймгийн Уулбаянмөнх, Түвшинширээ, Өлзийт, Баянтэрэм, Дорнод аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Асгат, Зотолхан, Халзан, Урт, Жавхлант шарга, Дарханхаан сумаас цэрэгт татагдаж Халх гол орчмын хилийн заставууд, Матадын найм, Тамсагийн зургаа, Баянтүмэнгийн тавдугаар дивизүүдэд болон Баянтүмэнгийн нисэхийн нэгдүгээр хороонд хуваарилагдан очиж дайнд оролцжээ. Энэ дайнд Сүхбаатар аймгаас 600 гаруй дайчин оролцсоны ихэнх нь хугацаат цэргийн алба хаагчид, хилчин дайчид байснаас гадна түр цэрэгт татагдагсад олон байжээ. Уг дайнд тус аймгийн дайчид цэргийн агтчин, жолооч, тагнуулч, арын албаны дарга, жирийн байлдагч, нам эвлэлийн товчооны дарга, улс төрийн удирдагч, тасаг, салаа, суман хорооны дарга хүртэлх албан тушаал хүлээж, эх орны даалгавар, өгсөн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн тухай архивын баримт бичигт үлджээ.

Мөн 1939 онд Халхын голд япончуудтай тулалдаж явсан дайчдаас Халзан сумын Б.Сүхбаатар, Баяндэлгэр сумын П.Галсандавхай, Дарьганга сумын Г.Осор, Мөнххаан сумын Ж.Дуламсүрэн нарын арваад дайчин 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, хоёр дайны нүүр үзсэн байна.

Олон арван дайчин эрс эх орноо хамгаалах тэмцэлд гайхамшигт эр зоригийг үзүүлж, аймшигт дайныг ялалтаар төгсгөн энх цагийг залж авчирсан бөгөөд үүнд Сүхбаатар нутгийн эрэлхэг дайчид ч мөн ийнхүү онцгой үүрэгтэй оролцож байжээ. 

Холбоотой мэдээ