УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах саналыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 12:35:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор санал хураах ажлыг үргэлжлүүлж байна. 


Одоо УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн "28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.


Төслийн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Одоогийн хуулиар, УИХ санал хурааж Түр хороо байгуулна гэж жил гаруй хугацаа зарцуулдаг. Энэ заалт орж ирснээр, дуулиантай том хэргийг хууль хяналтын байгууллага анхаарч байгаа эсэх асуудлыг УИХ-ын 19 гишүүн дэвшүүлээд, цөөнхийн төлөөлөл оролцуулж Хянан шалгах түр хороо байгуулах ач холбогдолтой чухал заалт юм. Дэлхийн олон оронд энэ зохицуулалт байдаг. Харин төслийн энэ хэсэгт хамаарах сүүлийн заалтад гэрч дуудах, шинжээч томилох, нотлох баримт цуглуулах, дүгнэлт гаргах зэрэг эрхийг нь хасах саналтай байгаа. Харин энэ заалтад Байнгын болон бусад түр хорооны бүрэн эрхийг хуулиар зохицуулна гэж хамтатгаад, хууль зүйн техникийн хувьд засах хэрэгтэй" гэлээ.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Энэ заалтыг зөв гэж үзэж байна. Хуулийн хэрэгжилтийн хяналтын хамгийн дээд тогтолцоо нь УИХ байх ёстой. Энэ тогтолцоо гажуудсанаас хуулийн байгууллагууд хяналтгүй болж, парламентын нэр хүнд унасан. УИХ-д бүх институц байх ёстой. Ингэхдээ хуулийн мэргэшлээр нь дэмжүүлсэн хянан шалгах хороогоо байгуулаад явах нь зүй. Одоогийн хуулиар ажлын баг байгуулан ажиллаад үр дүн гарахгүй байгаа" хэмээв. 


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Одоогийн хуулиар Түр хороо байгуулж болж байна. Тиймээс энэ заалт байх хэрэгтэй, эсэхийг дахин нягтлаарай. Энэ хэсэгт хамаарах гурван заалтад Түр хороо нь шинжээч томилно, гэрч дуудна, нотлох баримт цуглуулна гэсэн зохицуулалт орсонд шүүмжлэлтэй байна. Хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг дүгнэх л үүрэгтэй байх ёстой. Ер нь Үндсэн хуулийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдалтай холбоотой заалтыг сайжруулахад оршино. Ард түмэнтэй уулзсан гишүүдийн ярьснаар, шударга шүүхтэй, хуулийн байгууллагатай байхыг эрмэлзэж байна. Хэрвээ бид хараат бус шүүхтэй байх, түүнийг улс төрөөс ангид байлгахыг хуулиар шийдэж чадахгүй бол мянган түр хороо байгуулаад үр дүн гарахгүй. Энэ зохицуулалтыг оруулснаар, шүүхийн хараат бус байдлыг хангаж чадахгүй. 

Гэрч дуудах, нотлох баримт цуглуулах санал нь улс төрийн амьдралд харахад юу ч хийж болохоор сул тал гарна. Учир нь бидэнд улс төрийн төлөвшил сул байгаа юм. Дуулиантай том хэрэгт хяналт тавих сайн талтай ч "цэгийн чинээ харыг уулын чинээ болгож, уулын чинээг цэгийн чинээ хар болгох" эрсдэл гарна" хэмээв. 


Ингээд санал хураахад гишүүдийн олонх төслийн "28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэсэн саналыг дэмжсэнгүй. 


Харин “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувь нь дэмжлээ.  Төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Билэгт нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тайлбар тодруулга өгсөн юм. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт, "Хуучин Ардын хянан шалгах хороо гэж байсан. Төрийн хэмжээнд байгаа бүх хууль хяналтын байгууллагыг зангидаж атгадаг газар байсан гэж боддог. Өнөөдөр АТГ-ын гаргасан шийдвэр прокурор дээр очоод сулардаг. Прокурорын шийдвэрийг шүүх шийдэхгүй өнждөг. Төрийн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтны  хууль зөрчсөн шийдвэрт арга хэмжээ авах гэхээр эргээд хууль хүчний байгууллагын хүч нь дутаад байдаг. Тиймээс УИХ-ын дэргэдэх хянан шалгах хороо байгуулбал, хуулийн байгууллагыг хянаж шийдвэр гаргахад нь шахаж ажиллах, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Тиймээс энэ саналыг дэмжиж байна" гэлээ. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Шүүх эрх мэдэл рүү халдаад төрийн өндөр албан тушаалтныг ялладаг зорилгоор энэ хороог байгуулах биш юм. УИХ төрийн бодлого тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлнэ. Ингэхдээ бодлогыг зөв, буруу хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах түр хороо байгуулж, түүгээрээ шийдвэрлье гэж байгаа юм. Давхар дээлтэй гишүүд хууль хяналтынханд нөлөөлж байсан. Энэ эрхийг нь энэ хуулийн төслөөр хязгаарлаж байгаа. УИХ-ын гишүүнийг сайдаар томилохгүй юм. Төсөлд тусгасан 28.2, 28.3 гэсэн хоёр заалтыг ажлын баг болон Байнгын хороогоор хэлэлцэх явцад, мэргэжлийн шинжээч томилох, гэрч дуудах, нотлох баримт цуглуулах саналыг хасахаар шийдвэрлэсэн. Учир нь энэ түр хороо нь шүүхийн байгууллагын ажлыг давхар гүйцэтгэх болоод байгаа юм. Тиймээс 28.3 заалтыг Ш.Раднаасэд нарын гишүүд хасъя гэдэг санал гаргасан. Тиймээс 28.2 дээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг уг хороогоор шийддэг байхаар тусгаад, Бусад байнгын болон бусад хорооны журмыг хуулиар тогооно гэдэг заалтыг хамтатгахаар болсон" хэмээв.


Ингээд УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн “28.3 Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 3 дахь хэсгийг нэмэх саналыг олонх дэмжсэнгүй. Нэгэнт төслийн заалт дэмжигдээгүй учраас 28.3 дахь хэсгийг хасах санал гаргасан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нарын саналаар санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Холбоотой мэдээ