Дэлгүүр, худалдааны төвүүд цагийн хуваарьтаа өөрчлөлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Завханы
үйлчилгээний газрууд болон дэлгүүр, худалдааны төвүүдийг өглөөний 9.00 цагт
үүдээ нээж үйлчилгээгээ эхлүүлэхийг уриалснаар өнөөдрийн байдлаар 13 томоохон дэлгүүр
цагийн хуваарьтаа өөрчлөлт хийжээ.
Тодруулбал аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос дээрх уриалгыг таван сарын турш цахим орчинд явуулжээ. Аймгийн төв Улиастай сумын дэлгүүр, худалдааны төв, цайны газруудын үйлчилгээ өглөөний 11.00 цагаас л жигдэрдэг бөгөөд 9.00-10.00 цагт үйлчилгээний газрууд, дэлгүүр захын үйл ажиллагаа эхэлдэггүйгээс дайран өнгөрч, аялж зугаалж яваа болон аймгийн төвд суурьшиж буй иргэд үйлчилгээний газруудыг нь онгойхыг хүлээж цаг алддаг. Тиймээс "бизнес эрхлэгчдийг ажил хэргээ илүү өргөтгөх, үйлчлүүлэгчдээ татахын тулд өглөөний 9.00 цагт үйлчилгээгээ эхлүүлж үдшийн 18.00 цагт дуусгаж хэвших хэрэгтэйг тус холбооноос уриалжээ.
Энэхүү
уриалгыг цахим орчинд мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус холбооны гишүүн, 50
гаруй бизнес эрхлэгч үйлчилгээгээ 9.00 цагт эхлүүлдэг болоод байна. Ер нь
бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчээ хэрхэн яаж татахаа үйлчилгээ үзүүлэх цагийн
хуваариасаа эхлэх нь зөв юм. Уриалга аяныг таван сарын турш явуулснаар ийнхүү
үр дүн гарч буй тухайгаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэв.