Нийслэлд 70 гаруй цэгт хүнсний ногоо худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-27 12:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл дэх хүнсний ногооны борлуулалтын цэгүүд болон томоохон хүнсний ногооны зоорь бүхий ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлд Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбай, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагаравын задгай талбай болон бусад худалдааны төвийг оролцуулаад нийт 70 гаруй цэгт 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдаар худалдаж буйг албаныхан танилцууллаа.

Төмс хүнсний ногоо хямд, олдоц арвин байх үед томоохон сүлжээ дэлгүүр, зоорь бүхий ААН-үүд их хэмжээгээр нөөцлөн авч зохиомлоор үнэ өсгөх байдал гардаг учир үүнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд хариуцсан албаны хүмүүст анхаарууллаа. Тэрээр хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий MTS агро, Дельта холдинг, Органик солюшн зэрэг ААН-ийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцсан юм.

ХХААХҮЯ-ны захиалгаар Улаанбаатар хотод барьж буй төмс, хүнсний ногооны худалдааны цогцолбор ложистикийн төвийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Нийслэлийн Хүнс, ХАА-н газар хариуцан ажиллаж байгаа уг төв ашиглалтад орсноор 16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1000 хүний ажлын байр бий болох юм.


Хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэний хадгалалт борлуулалтыг нэг дор төвлөрсөн байдлаар хийж эхэлбэл хүнсний ногоо, бусад бараа, бүтээгдэхүүний чанар стандарт, худалдааны хяналт сайжрахаас гадна зохиомлоор үнэ өсгөхөөс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. Цогцолбор төвийг 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ