Монгол, Японы хамтарсан олон улсын XI хурал Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-08-22 11:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт Монгол, Японы хамтарсан олон улсын XI хурал энэ сарын 23-24-нд болно.


Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Накаяамагийн Хавдар судлалын төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгээс хамтран зохион байгуулдаг тус олон улсын хурлын эхний өдөр ХСҮТ-д ажлын байран дахь сургалт хэлбэрээр болох юм. Харин хоёр дахь өдөр буюу энэ сарын 24-нд Чингис зочид буудалд "Хоол боловсруулах замын хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулна.

Хуралд Япон, БНСУ, Тайвань, Казахстан, Энэтхэг, Орос, Турк, Франц зэрэг орны эмч, эрдэмтэд оролцоно. Тус хурлын үеэр эмчилгээ оношилгооны шинэ тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэн нээгдэнэ.

Монголд хүн амын нас баралтын шалтгааны II байрыг хорт хавдар эзэлдэг бөгөөд нийт хорт хавдрын шинэ тохиолдлын хамгийн их хувийг зөвхөн элэгний хорт хавдар эзэлж байна. 

Холбоотой мэдээ