Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-22 11:39:14

ЛОНДОН. /The Daily Telegraph/. Агаарын бохирдлын түвшин өндөр байх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны гүн хямрал, мэдрэлийн хоёр туйлт тэнцвэр алдагдах өвчнийг үүсэхэд хүргэдэг байна. Америкийн хэсэг бүлэг эрдэмтэд судалгаанд үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ.


Чикагогийн их сургуулийн мэргэжилтнүүд 150 сая гаруй хүний эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Авсан мэдээллээ судлаачид АНУ-ын янз бүрийн дүүрэг дэх агаарын бохирдлын түвшинтэй харьцуулсан байна. Агаарын чанар харьцангуй доогуур үзүүлэлттэй газруудад оршин суудаг хүмүүсийн мэдрэлийн хоёр туйлт тэнцвэр алдагдах өвчнөөр шаналах эрсдэл 27 хувиар нэмэгдэж байсан бол сэтгэл санааны гүн хямралд орох магадлал 6 хувиар илүү байсан аж. Эрдэмтэд судалгаандаа нас, хүйс, орлогын дундаж хэмжээ зэрэг хүний сэтгэл санааны байдалд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийг тооцож оруулснаа онцлон тэмдэглэжээ.


Судалгааны хоёрдугаар үе шатанд эрдэмтэд Данийн 1.4 сая гаруй иргэний эрүүл мэндийн даатгалын мэдээллийг судалж, мэдээллээ орчны агаарын бохирдлын түвшинтэй харьцуулсан байна. Агаарыг бохирдуулагч бодисын агууламж өндөртэй газруудад өссөн оршин суугчдын сэтгэл санааны гүн хямралд орох эрсдэл 50 хувиар нэмэгдэж байсан бол шизофрен буюу солио өвчин хийгээд сэтгэцийн бусад эмгэгүүд илрэх магадлалыг байгалийн цэвэр агаарт өсөж торнисон хүмүүсийнхтэй харьцуулахад 2 дахин илүү байсан аж.


“Агаарын бохирдолтой газруудад ялангуяа бага насандаа ийм газруудад амьдрах нь сэтгэцийн янз бүрийн эмгэг үүсгэдэг болохыг бидний явуулсан судалгаа харуулж байна” хэмээн судалгааны ахлагч, профессор Атик Хан онцлон тэмдэглэжээ.


Иймэрхүү үзэгдэл нь агаарыг бохирдуулагч бодис нь амьсгалын замын үрэвсэл бий болоход хүргэж, энэ нь тархинд тархдаг байж магадгүйтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Ийм замаар сэтгэл санааны гүн хямрал, сэтгэцийн бусад эмгэг үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Үүнийг хулганууд дээр хийсэн туршилт нотолно хэмээн эрдэмтэд цохон тэмдэглэв.  


Лондоны эзэн хааны коллежийн мэргэжилтнүүд өмнө нь агаарын бохирдол залуу хүмүүст сэтгэцийн эмгэг үүсгэдэг болохыг илрүүлсэн юм. Таагүй орчинд амьдардаг хүмүүсийн 70 гаруй хувь нь сэтгэцийн янз бүрийн өвчнөөр шаналж байжээ. Тухайлбал, агаарт азотын исэл ихтэй газар амьдардаг хүмүүсийн дундаас өсвөр насныхан илүүтэйгээр сэтгэцийн өвчинд нэрвэгддэг хэмээн оношлогдож байжээ. 

Холбоотой мэдээ